Л.Оюун-Эрдэнэ “Нийслэлийн газар, нийтийн тээврээр сонсгол хийе” гэж УИХ-ыг шахаад эхэлжээ
2024/01/15
Сонгууль хаяанд ирсэн. Улс төрийн намууд дээр ирэх сонгуультай холбоотой асуудал ид яригдаж байна. Тэр дундаа намын дарга нар хэнийг аль тойрогт нэр дэвшүүлж, хэн хэнийг жагсаалтад бичих вэ гэдгээ “бодож” байгаа аж. Тэд намаа ч, намын гишүүдээ ч бодож, “Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй” шийдэх ёстой болоод байгаа юм.
Үүний зэрэгцээ сонгууль албан ёсоор эхэлтэл аль ч нам ямар нэг хэл амтай асуудлаас аль болох хол байхыг хичээх цаг ирсэн. Намуудын нэр хүнд таагүй үед нэмээд хэрүүл заргатай зууралдах нь таатай үр дүн авчрахгүй. Харин Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ замаас гажиж байгаа бололтой.
“Улс төрийн тамхины цэг” хавийн сүүлийн үеийн мэдээллээр “Л.Оюун-Эрдэнэ өөрийн гаргаж ирсэн асуудлуудыг мухарлах гэж зүтгэсээр байна” гэнэ. Үүнийг зарим нь “Сонгууль дөхөж байхад намын дарга муйхарлаж зүтгээд байна” гэж шүүмжилж байгаа сурагтай. Учир нь тэрбээр “Нийслэлийн газар, нийтийн тээврээр сонсгол хийе. УИХ-ын Түр хороог ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяраар ахлуулж байгуулъя” гэж УИХ-ыг шахаад эхэлжээ. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Дэлхийн эдийн засгийн чуулганыг зорихоосоо өмнө УИХ-ын удирдлагуудтай, гишүүдтэй албан бусаар уулзаж уг “санал”-ыг тавьсан байна. Л.Оюун-Эрдэнийн тухайд “нийслэлийн газар, нийтийн тээвэр” гэж онцлоод сонсгол хийхээр зүтгэж байгаа гэх нь гайхах зүйл биш. Тэрбээр энэ тал дээр ихээхэн анхаардаг. Байр сууриа ч олон удаа илэрхийлсэн. Үнэндээ түүний ярьдаг нь зөвхөн энэ хоёр асуудал биш. “Улаанбаатар хотын ужгирсан авлигын систем” гэж хэлдэг.
Л.Оюун-Эрдэнэ 2023 оны хоёрдугаар сарын 19-нд МҮОНТВ-ээр “Яагаад заавал одоо газар авахын тулд бид Хотын даргад юм уу, Хотын менежер, эсвэл ерөнхий архитекторт авлига өгөх ёстой гэж. Яагаад Зайсангаар дүүрэн хаус отог гэдэг нэртэй баригдчихаад, бүх дарга нь амьдраад байхад бид яагаад энэ тухай ярихгүй явах ёстой гэж. Дархан цаазтай газарт яагаад 1.5 сая төгрөгийн цалинтай төрийн албан хаагчид хувийн хэвшлийнхнээс илүү тансаг зэрэглэлийн 6-8 давхар хауст амьдрах ёстой гэж. Энэ бүхэн авлига шүү дээ. Манайх шиг эмнэлгийнхээ нүүрийг хаагаад, төмөр замыг дундуур нь таслаад байшин барьчихсан, төлөвлөлтгүй, авлигалын систем нь маш ойлгомжтой хот гэж байхгүй. Бүгдээрээ түгжирчихээд байж байдаг. Түргэний машин нь ч явж чадахгүй болчихсон. Энэ нь хууль бус газар олголтоос л болсон. Эднийг нь гаргаж тавихаар бүгдээрээ Захиргааны хэргийн шүүх дээр очоод л хад мөргөдөг. Өнгөрсөн 30 жилийн Улаанбаатар хотын замбараагүй газар олголтыг цэгцлэхгүйгээр энэ байдал цэгцрэхгүй” гэж ярьж байв.
Мөн 2023 оны аравдугаар сарын 5-ны чуулган дээр “Өнөөдөр нийт хүн амын тал хувь нь амьдарч буй Улаанбаатар хотын 30 гаруй жил ужгирсан системийн авлигыг цогц хэмжээнд цэгцлэх цаг болжээ. УИХ, Засгийн газар үндэсний хэмжээний асуудалд хэт төвлөрч, сүүлийн 30 жилд нийслэлийн асуудлыг зөнд нь орхисноос болж Улаанбаатар хот авлигын бэлгэ тэмдэг болсон цементэн ширэнгэн ой болон хувирлаа. Хот төлөвлөлтгүй олгосон газрын наймаа, тэндээс хөрөнгөжсөн улс төрийн бүлэглэл, барилгаа бариад зөвшөөрлөө гаргуулдаг авлигын соёлыг хэзээ болтол мэдсэн ч мэдээгүй мэт явах вэ. Байгалийн тусгай хамгаалалттай газар сүндэрлэн боссон тансаг барилгуудыг бид хэзээ болтол жуулчны отог гэж итгэсээр байх вэ. Нийтийн тээвэрт монополь тогтоосон гурван компанийн чөтгөрийн тойрогт хэзээ хүртэл хотынхон орооцолдож, ашигтай шугамын наймааны төлөө иргэдийн эрх ашгийг зөрчих вэ. Нэгдсэн эмнэлгийнхээ нүүрийг хааж барьсан эмнэлгийн захирлуудын хувийн эмнэлэг, сургуулийн талбайг хүртэл хэсэгчилж зарсан үе үеийн дүүргийн удирдлагууд, төрийн байгууллагуудын газраас татаж, хороолол босгоод ичихгүйгээр өөрсдөө амьдарч буй үе үеийн хотын дарга нартай хэзээ хүртэл эвлэрэх вэ. Үерийн далан дээр бярдаж босгосон хууль сахиулахын хуучин дарга нарын авлигын хороололд олон нийтийн шаардлага хэзээ хүрч үйлчлэх вэ. Юутай ч нийслэл дангаараа хүчин мөхөстсөөр ирсэн. Үүнийг өнгөрсөн 30 жилийн түүх хангалттай нотоллоо. Улсын нийслэлийн асуудал улсын тулгамдсан асуудал болсон” гэж байсан юм.
Уул нь АН-ынхан “Ногоон автобусаар сонсгол хийе” гэсэн шаардлагыг УИХ-ын даргад тавиад байгаа юм. Харин эх сурвалжуудын дээрх мэдээллээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэмээд газрын асуудал, нийтийн тээврийг бүхэлд нь “сонсох” саналыг гаргажээ. Хэрвээ энэ ажил хэрэг болох юм бол 2020 оны сонгуулиар байгуулагдсан энэ УИХ сүүлийн хаврын чуулганаараа нийслэлийн газар, нийтийн тээврийн сонсгол хийнэ гэсэн үг. Бас ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд гурав дахь сонсголоо зохион байгуулах юм.
П.ХУЯГ
Зочин · 2024/01/15
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/01/15
S XUSNEER XN80955877
Зочин · 2024/01/15
Бас ковидын зарлагаар гээч энийг яагаад тойруулаад бгаагаа хэл 9сайдаа
Зочин · 2024/01/15
SEXSDN80955877