Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж эдийн засгийг төрөлжүүлж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйчлигээг хөгжүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж буй.

 

Засгийн газраас “Монгол Улсын олон улс дахь Сурталчилгаа, мэдээллийн үндэсний хороо”-г байгуулсан бөгөөд нэгдсэн өнгө төрх, стратеги дор эх орноо олон улсад сурталчлах таниулах ажлууд хийж байна. Энэ хүрээнд Соёлын сайд Ч.Номин дэлхий дахинаа 1.7 тэрбум хэрэглэгчтэй цахим сүлжээний томоохон платформын нэг Тикток компанийн Олон нийттэй харилцах бодлого хариуцсан дэд захирал Хелена Лерштэй уулзлаа.

 

Уулзалтаар монгол контент бүтээгчид Тиктокоос орлогожих боломжийн талаар санал солилцлоо. Ингэснээр дотоодын контент бүтээгчид дэлхийн зах зээлээс орлогожих боломж бүрдэх юм. Мөн Тиктокын олон улсын контент бүтээгчдийг монголд урьж, чуулга уулзалтыг байгуулах зохион байгуулах, Тиктокын салбарыг Монголд Улсад албан ёсоор байгуулах асуудлаар ярилцлаа. Түүнчлэн Хатагтай Хелена Лершийг Монгол Улсад албан ёсоор урьж, Тикток компанийн Сингапур дахь салбартай хамтран ажиллах асуудлаар тус тус санал солилцов. Өнгөрсөн хугацаанд дээрх зорилтын хүрээнд олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд болон цахим сүлжээний нөлөөлөгчдийг монголд урьж нэвтрүүлэг контент бэлдэж нөгөө талаас монгол уран бүтээлчид дэлхийн тавцанд бүтээлээ туурвисан. Үүний үр дүнд цахим орчин дахь монголын талаарх эерэг сэтгэгдэл 2022 онд 19 хувь байсан бол 2023 оны есдүгээр сарын байдлаар 25 хувь болж нэмэгдээд байгаа юм гэж Соёлын яам мэдээлэв.

 

сонин mn