Саймон Коуэлл: Энэ залуу ингэж л дуулах ёстой. Үзүүлбэр нь үнэхээр их таалагдлаа, гайхалтай
2024/01/16
Долоон жилийн өмнө "Авьяаслаг монголчууд" шоуны ялагч болж олонд танигдсан дуучин О.Энх-Эрдэнэ энэ удаа "Авьяаслаг Америкчууд" шоуны тусгай дугаарт өрсөлдөж байна.
Түүний оролцсон нэвтрүүлэг орон нутгийн цагаар өчигдөр нийтэд цацагдсан юм.
О.Энх-Эрдэнэ нэрт каунтри дуучин Гарт Бруксийн хит дуу болох "Friends in Low Places" дууг тайзнаа амилуулж, шүүгчдээс өндөр үнэлгээ авчээ. Нэрт шүүгч Саймон Коуэлл түүнийг багтаа авахыг хүссэн ч Хэйди Клум түрүүлж товчлуур дарснаар О.Энх-Эрдэнийн ментороор сонгогдсон байна.
Хэйди Клум түүнийг сонгосон шалтгаанаа "Чиний хоолой үнэхээр гайхамшигтай учраас би чамайг сонгосон. Дээрээс нь чи ялагч, би бас ялалтад дуртай" гэж онцолж байлаа.
Харин шүүгч Саймон Коуэлл түүний үзүүлбэрийн дараа "Би огт гайхаагүй. Энэ залуу ингэж л дуулах ёстой. Үзүүлбэр чинь үнэхээр их таалагдлаа. Гайхалтай" гэж магтав.
Ингэснээр О.Энх-Эрдэнэ хагас шигшээд шалгарч, финалын шатанд үлдэхийн төлөө дахин нэг үзүүлбэр үзүүлэх юм. Нийт 10 уран бүтээлч хагас шигшээд өрсөлдөнө.
Тус нэвтрүүлгийн ялагч нь 250 мянган ам.долларын шагнал авах аж.