Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Монголын улс төрд нэгэн дуулиант яриа гарсан нь УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр Монголын Ногоон Намын Дарга болж, улмаар тус нам Монгол Улсын Ерөнхий Сайд асан М.Энхсайханы үүсгэн байгуулсан Монгол Үндэсний Ардчилсан Намтай эвсэл байгуулахаар болсон тухай мэдээ байв.

Энэ тухай тодруулахад өнгөрсөн Пүрэв гараг буюу 1-р сарын 18-нд Монголын Ногоон Нам /МНН/-ын ээлжит бус 14 дүгээр их хурал болж, УИХ-ын гишүүн асан Нямтайширын Номтойбаярыг намын даргаараа 98 хувийн саналаар сонгосон байна.

Мөн өнгөрсөн Бямба гарагт буюу 1-р сарын 20-нд Монгол Үндэсний Ардчилсан Намын их хурал хуралдсан аж. Уг хурлаар зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэхийн сацуу Монголын Ногоон Намтай эвсэл байгуулах тухай ярилцсан байна.

Одоо Монголын Ногоон Нам 14 дүгээр их хурлынхаа шийдвэрийг Улсын Дээд Шүүхэд хүргүүлэх аж. Үүний дараа буюу Улсын Дээд Шүүх Н.Номтойбаярыг Монголын Ногоон Намын Даргаар бүртгэсний дараа эвсэл байгуулах ажил албан ёсоор эхлэх юм байна.

Одоогоор эвслийн нэрийг "Гуравдагч хүчний эвсэл", "Үндэсний Эвсэл" гэж нэрлэх хувилбар яригдаж буй ажээ. Монголын Ногоон Нам-МҮАН-ын эвсэл байгуулагдаж буйтай холбоотойгоор МҮАН-аас АН-д орсон М.Сономпил, Н.Батцэрэг нар ч намдаа эргэн ирж буй юм байна.

М.Энхсайхан ба МҮАН нь Ардчилсан Намд нэгдэх, ХҮН намтай Эвсэл байгуулах зэрэг хэд хэдэн яриа хэлэлцээ хийж байсан ч Монголын Ногоон Намтай эвсэл байгуулах хувилбар дээр эцэслэн тохирч буй нь энэ ажээ.

 

Н.Отгончимэг