МИАТ,  “Монголиан  Эйр­лайнес” компанийн удирдлагууд 2001 оноос хуримтлагдсан “Дайны эрсдэлийн даатгал”-ын мөнгийг гадаадын  таван ч улсын банкуудаар эргэлдүүлж,  одоогоор улсад  14 тэрбум төгрөгийн хохирол уч­руулсан санхүүгийн асар том луйвар илэрч, олон хүн нойр, хоолноос гараад байгаа.

2006-2012 онд Төрийн өмчийн хорооны даргаар  ажиллаж  байсан Д.Сугарыг энэ том  луйварт хутгалдсан байж болзошгүй гэсэн хардлага ард иргэдийн дунд байтугай цагдаа, шүүх, тагнуулынханд ч байгаа нь нууц биш.

Учир нь төр, түмний асар их мөнгийг хулгайлан гадаадад гаргасан энэ том луйврын ид цэцэглэлтийн үед ТӨХ-ны дарга Д.Сугар МИАТ-ийн ТУЗ-ийн даргын албыг ажил үүргийн ху­ваарийн дагуу хашиж байсан учир ингэж хардах нь ч аргагүй юм. Компанийн ТУЗ-ийн дарга  нь энэ будлианд орооцолдоогүй байлаа  гэхэд чихнийх нь гадуур тийм  хэмжээний луйвар, хулгай олон жил дамжин явагдах нь ямар ч боломжгүй зүйл.


Хамгийн гол нь, энд хэдэн зуун сая төгрөгийн асуудал яригдаж байгаа хэрэг биш. Яваандаа хамрах хүрээ, оролцсон этгээдүүдийн тоо нэмэгдсээр хэдэн зуун сая ам. долларыг хулгайлан завшсан асар том санхүүгийн луйврын асуудал хөндөгдөж байгаа билээ. Уржигдар орой МҮОНТ-ийн ММ агентлагийн шууд ярилцлагаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, ТӨХ-ны дарга асан Д.Сугар оролцон, ярилцлага өгч байхыг үзлээ.


Сурвалжлагч түүнээс “Нийгэмд явж байгаа хардлага нь таныг  МИАТ-ийн мөнгийг угаасан гэмт хэргийг зохион байгуулсан гэж үзэж байгаа. Нууц биш бол “Монголиан Эйрлайнес”-т таны хувийн оролцоо хэд байдаг вэ” гэж асуухад “Нууц юм байхгүй. Ганцхан юм баттай хэлье. Хэрвээ би энэ мөнгө угаах хэргийг зохион байгуулаад, эсвэл оролцоод, тэгээд 10 ам.долларын хувь авсан бол, хэрвээ  Эйрлайнест миний хувь  байгаа нь батлагдвал би юу гэж хэлэхээ мэдэхгүй байна.

Хятадууд шиг цаазлаад өгөөч ээ л гэж  гуймаар байна” гэж байх юм. Одоогоор Д.Сугар даргыг  энэ хэрэгтэй холбогдуулан бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүйгээр цагдаагийн байгууллага шалгах болсон. Эхний ээлжинд  МИАТ-ийн гүйцэтгэх захирал асан Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон болон түүний эхнэр, Монгол Улсын гавьяат нисэгч Р.Бат-Эрдэнэ, “Мон­голиан Эйр­лайнес” компа­нийн захирал Ч.Хорол­сүрэн, түүний дүү Ч.Суурь­тогтох нарын есөн хүнийг цагдан хорьж, мөрдөн байцаалт үргэлжилж байгаа.


Өнөөдөртөө Үндсэн хуулийн Цэцийн гишүүний халдашгүй бүрэн эрхээр хамгаалуулж суугаа Д.Сугар дарга энэ том  санхүүгийн луйвар, хулгайд хурууныхаа үзүүрийг ч оролцуулаагүй бол түүнд айж эмээх, царайгаа барайлгах өчүүхэн ч шаардлага байхгүй. Тэгээд ч “гэмт хүн гэлбэлзэх” гээчийг өөр дээрээ урин дуудах гээгүй л бол ойр, ойрхон сонин хэвлэл, телевизэд ярилцлага өгч “түүгээр явсан гайг  үүгээр дуудах” хэрэггүй шүү дээ.

Түүнээс гадна Д.Сугар дарга Эрүүгийн хуулийн талаар маруухан ойлголттой явдаг нь ярилцлагаас тодорхой харагдсан тул энэ талаар бяцхан тайлбар хийе гэж бодлоо. МИАТ-ийн мөнгийг угаасан санхүүгийн луйварт холбогдоод байгаа эрхмүүд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйл буюу мөнгө угаасан гэмт хэрэгт холбогдоод байгаа.

166 дугаар зүйлийн 1-3-т “Энэ хэргийг зохион байгуулалттай  бүлэг,  гэмт  бүлэглэл үйлдсэн, онц их хэмжээний орлого олсон бол эд хөрөнгийг хурааж, 10-15 жил хүртэл хугацаагаар хорьж шийтгэнэ” гэсэн байна. Харин Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд “Бусдад онц  их хэмжээний хохирол учруулбал хөрөнгийг нь хурааж, 5-10 жил хүртэлх хугацаагаар хорьж шийтгэнэ” хэмээн заажээ.

Юутай ч МИАТ-ийн мөнгийг угаасан хэргээр баривчлагдаад байгаа хүмүүс Эрүүгийн хуулийн эдгээр зүйл ангиар шийтгэгдэх нь тодорхой болоод байгаа. Харин Д.Сугар дарга юу ч болоогүй байхад “цаазлаад өгөөч ээ л гэж гуйх” юм. 2010 онд Монгол Улс цаазын ялыг халах тухай дэлхийн сонорт анхлан мэдэгдсэн ардчилсан  Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж Д.Сугар даргын “цаазлаад өгөөч гэсэн гуйлт”-ыг сонсохыг ч хүсэхгүйгээр барахгүй бараг л хилэгнэн уурлах нь тодорхой.


Яагаад гэвэл ардчилсан Ерөн­хийлөгч маань Монгол Улс цаа­зын ялаас татгалзаж байгааг  албан ёсоор зарлан тунхагласнаар түүний нэр хүнд, улстөрчийн цараа нь дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөж, асар их нэр хүнд­тэй болсон. Тэгэхээр МИАТ-ийн мөнгийг гадаадын таван улсын банкаар угааж АНУ-ын Вашингтон, Канадын Монреал, Японы Токио, БНСУ-ын Чэжү аралд тансаг орд харш худалдан авч, үлгэрийг үнэн болгон амьдарч байгаа нэр бүхий дээрх нөхөд яадаг ч байсан “цааз” гэдэг үгийг ой ухаанаасаа таягдаад хаячих хэрэгтэй.


Эрхмүүд минь сэтгэлээр унан нойр хоолноос гарч, “цааз” энэ тэр ярьж, шог гараа үзүүлэх  ямар ч шаардлагагүй. Та нөхөд үсрээд л долоон жилийн ял авлаа гэхэд гурван жил “нарсанд” хэвтсэн болоод 2016 онд Ардын хувьсгалын түүхт 95 жилийн ойн баяраар Өршөөлийн тухай хуульд хамрагдаад л “наранд” дүүхэлзээд гараад ирнэ.



Гуравхан жил Монголын “нарсанд” хэвтчихээд гарч ирээд хилийн дээс алхаж, Вашингтон, Монреал, Токио, Чэжү дэх тансаг сайхан харшдаа тарвалзан хэвтэж, насны намартайгаа золгож болно шүү дээ. Ер нь, тэгэх л гэж МИАТ-ийн мөнгийг баруун солгойгүй “савандаж” угаагаа биз дээ.

 

Эх сурвалж: "Өглөөний сонин"