Намрын чуулганы хаалтын хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд их л бухимдалтай харагдсан. Учир нь парламент "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн хувьцаатай холбоотой тогтоолын төслийг отгон хуралдаанаар баталсан. 

Гишүүн бүр дэмжин байр суурь илэрхийлж байхад эсэргүүцсэн ганц хүн байсан нь Т.Доржханд байлаа. Тэрбээр “Парламент мэргэжлийн зарчмаасаа ухарлаа. Сонгууль дөхөөд мөнгө тараадаг, попордог асуудал дуусаагүй байгаад харамсаж байна. Эдийн засгийн нөхцөл байдал харьцангуй сайжирч байна. Эдийн засагчдын итгэл найдвар тасарч, энэ улс хөгжихөд хэцүү болчихлоо гэж ярьж байсан бол өнөөдөр бид арай өөр шатанд ирээд байна. Одоо дахин бэлэн мөнгө тарааж ухармааргүй байна” хэмээн хэвлэлд хүртэл ярилцлага өгч байв.

 

Мөн тэрбээр “Засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК ногдол ашиг тараана гэсэн шийдвэр гаргаж байна. Монголчуудаа энэ удаа ногдол ашиг авахгүйгээр Тавантолгойн дулааны цахилгаан станцаа барья. Ногдол ашиг харж сонголт хийхгүй байх гэж найдаж байна” хэмээн ярьж байсан билээ.

 

Харин өчигдөр тэрбээр Засгийн газрын хуралдааны мэдээллийн индэр дээр арай өөр байр суурьтай гарч ирлээ. Баялгийн сангийн хуулийн төслийг хамтран боловсруулахаар намын дарга нар нэгдлээ. Эдийн засгийн том өөрчлөлт хэрэгтэй. Өнөөдөр монгол залуучууд гадагшаа амьдрал хөөгөөд явж байгаа, орлого багатай, ирээдүйгээ харж, итгэл найдвар хүсэж байна.

 

Эдийн засгийнхаа бодит орлогыг өсгөх боломж байна гэдэг агуулгаар УИХ-д суудалтай гурван намын удирдлагууд холбогдох мэргэжилтнүүдтэйгээ сууж байгаад асуудлыг тавьж байна. Бид маш амжилттайгаар засаглалын тогтолцоог хамгаалж чадсан. Одоо авторитар дэглэм байхгүй, Монголд хэн нэгэн дарангуйлагч төрөхгүй.

 

Дараагийн ажил нь эдийн засгийн том, цогц реформ хэрэгтэй гэлээ. Гурван намын дарга энэ хуулийн төсөл дээр нэгдсэнээр "Эрдэнэс Тавантолгой" компанийн 2022 оны ногдол ашгийг татварын өмнөх дүнгээр 116 мянган төгрөгийг иргэн бүрийн дансанд шилжүүлэх боломж бүрдэж, 2023 оны ногдол ашиг урьдчилсан байдлаар 286 мянган төгрөг байх төсөөлөл гаргасан гэдгийг энэ үеэр Засгийн газраас мэдэгдсэн юм. УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд өчигдөрхөн л ногдол ашиг, бэлэн мөнгө тараалаа хэмээн бухимдаж байсан бол өнөөдөр балиашиглан зогсох гэж.

 

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин