Сар шинийн өдрүүдэд золголт үргэлжилж, нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал нэмэгддэг. Тэр дундаа гэр хорооллыг чиглэсэн замуудад ачаалал үүсдэг. Тухайлбал:

  • ХУД-ийн нутагт - Нисэхийн тойргоос хойш Моносын уулзвар хүртэлх замууд;

  • СХД-ийн нутагт - Баянхошуу, Толгойт, Орбитын орчмын замууд болон  Энхтайваны өргөн чөлөө өглөө баруунаас зүүн тийш, орой зүүнээс баруун тийш;

  • СБД-ийн нутагт -  Чингэлтэйн өргөн чөлөөний зам, Бэлх, Сэлх, 7 буудлын орчмын замууд;

  • БЗД-ийн нутагт - Дарь эхийн болон Улиастайн замууд;

  • ЧД-ийн нутагт - Хайлаастын эцэс, Хүчит шонхор, Дэнжийн 1000-аас Янмалын давдаг шулуун замууд;

  • БГД-ийн нутагт - Энхболдын, Энхбаярын, Телевизийн замууд, Стандарт дэлгүүрийн гарц.

Баярын өдрүүдэд Улаанбаатар хотын гол гудамж, замуудад ямар нэгэн хөдөлгөөн зохион байгуулалтын өөрчлөлт хийхгүй.

Жолооч та бүхэн айлд золголт хийхээр орохдоо гудамж, зам талбайд тээврийн хэрэгсэлээ байршуулахдаа шуурхай албаны тээврийн хэрэгсэл явах боломжийг хязгаарлахгүйгээр зогсоох. Хорооллын доторх зам, хашаан дотор хөдөлгөөн эхлэхдээ зам орчны нөхцөл байдлыг биеэр шалгаж хүүхэд мөргөж гэмтээхээс урьдчилан сэргийлэх шаардлагатай.

ТА БҮХЭН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХДОО

  • Замын өгсүүр хэсгийн төгсгөл, огцом эргэлт дээр болон үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх,

  • Саадыг тойрон гарахдаа аюулгүй байдлыг бүрэн хангах;

  • Замын зорчих хэсэг дээр зогсохгүй байх, зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд ослын зогсолтын тэмдгийг тогтоосон зайнд шуурхай байрлуулах;

  • 8-аас дээш цагаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хот хоорондын замд зорчих үедээ 2 цаг тутамд зогсож 15 минутаас багагүй хугацаанд биеийнхээ чилээг гаргах, нойроо сэргээж байх;

  • Зорчигч нар жолоочийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийг анхаарч зөрчихгүй байх талаар шаардлага тавьж, зөвлөж явах зэрэг нь өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах хамгийн чухал алхам гэдгийг зөвлөж байна.