Хоёр том асуудал байна. Тэр бол Оюутолгой төсөл болон “Чалко”-той байгуулсан гэрээ. Эднийг өөрчилчихвөл монголчууд хэлсэн амнаасаа буцсан болж харагдана гэж хятадууд ч тэр, “Рио Тинто”-гийнхон ч тэр олон удаа шүүмжилж байв.

Тэгвэл Монголын уул уурхайн салбар тэдний хэлж буй шиг тийм тогтворгүй биш гэдгийг нотлох нэг алхам нь Лондонд болсон Монголд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт боллоо. 

Манай Засгийн газар төсвийн зардлаа танаж, алдаг­дал нь хоёр хувиас  хэтрэхгүй байх шаарлагыг хатуу тавьсан. Үүний ачаар санхүүгийн тогтвортой бай­дал бий болж байна. Гэвч төв банкнаас ихийг хүлээж байгаа хүмүүсийн хүлээлтэд хүрэхгүй байж мэдэх юм. Ямартай ч Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал энэ мэтчилэн асуудлын талаар “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа дурьджээ. Монголын хөрсөн доорх баялгийг хэрхэн үнэд хүргэж, өрсөлдөх чадварыг нь сайжруулах вэ гэх сэтгүүлчийн асуултад хууль, эрх зүйн орчноос гадна дэд бүтцийн хөгжил хамгийн чухал нөлөөтэйг тэрбээр онцолсон байна. Өөрөөр хэлбэл, төмөр зам барих ажил манай уул уурхайн салбарын хөгжлийн нэг хөшүүрэг гэсэн санаа юм.

Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат хуучин хуулийн шинэ өөрчлөлтийн талаар нэлээд танилцуулсан юм. 

 

Өнгөрсөн оны тавдугаар сард Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгж дэх гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг баталсан. Тухайн үед Канадын “Саусгоби Ресурз” Овооттолгойн хувьцааг “Чалко”-д зарах хэлэлцээртэй давхацсан учраас дээрх хуулийг Хятадын хөрөнгө оруулалтыг хумих бодлого хэмээн гадны хэвлэлүүдэд нэлээд бичиж байсан юм. Гэхдээ энэ нь зөвхөн Хятад төдийгүй бусад орны хөрөнгө оруулагчдын байр суурийг өөрчилсөн гэх таамаг ч байдаг. 100 тэрбумаас дээш хөрөнгө оруулалт хийхээр бол асуудлыг Засгийн газар, парламентаар хэлэлцүүлнэ. Гэвч өнгөрсөн нэг жилийн хугацаанд энэ босгот хүрсэн 11 хөрөнгө оруулагч компани байсан байна. Тэдний алиных нь ч асуудлыг шийдээгүй байжээ. 

 Харин Лондонгийн чуулга уулзалт болж байх үед манай парламентаар дээрх хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталсан юм. Хэдийгээр ганцхан заалтыг нь өөрчилсөн боловч чуулга уулзалттай давхцаж баталсан нь манайханд нэг давуу тал болжээ. Хууль эрх зүйн орчин тогтвортой болж буйг батлах өөр нэг нотолгоо байна. Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат энэ талаар тайлбарлахдаа хөрөнгө оруулалт хэр их орно, тэр хэрээрээ татвар тогтвортой байх хугацаа нь уртасна гэдгийг онцолж байгаа. Монголд маш том хөрөнгө оруулж байж хууль эрх зүйн тогтвортой орчноор хангагдана гэсэн санаа юм. Тэгэхээр энэ бүхэн нь хэлсэн үгнээсээ буцаж, байгуулах гэрээгээ өөрчлөх гэж байгаа гэх муу нэрнээс салахад тустай болж таарч байна.

Гэхдээ мэдээж хэрэг өөр бусад бэрхшээл ч бий. “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь Тавантолгой төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, ямар хүндрэл бэрхшээлтэй тулгарч байгаагаа ярьсан байна.  Харин энэ талаар “Ройтерс” агентлаг мэдээлэхдээ монголчууд “Чалко”-той байгуулсан гэрээндээ нүүрсний үнийг зах зээлийн ханшаас 20 хувь доогуур үнэлсэн гэдгийг онцолжээ. Дэд сайд О.Чулуунбатын хэлснээр бол Тавантолгойн үйл ажиллагааг ойрын 2-3 жилд жигдрүүлчихээд дараа нь хувьцаа гаргаж магадгүй гэх агуулгатай зүйл ярьжээ. Түүнчлэн Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгийн хөгжлийг дэмжиж буй Засгийн газрын бодлогыг танилцуулсан байна.

Сүүлийн үед гадны хөрөнгө оруулалтын сангууд Монголоос татгалзах болсон тухай мэдээ чих дэлсэж байгаа. Дөрвөн сая ам.долларын хөрөнгөтэй Америкийн хөрөнгө оруулалтын сан Монголыг саяхан орхисон. Энэ мэтчилэн шил шилээ даран Монголоос татгалзаж байгаа гадныхныг дагаад манай эдийн засагт нэмэр болох учиртай хөрөнгө мөнгө нь “яваад өгөх” аж. Гэтэл тэдэнгүйгээр байж болохгүй гэж зарим нь үзэх аж. Харин Лондонгийн чуулга уулзалтын үеэр Их Британийн хөрөнгө оруулалтын “Маквайр” банкны Барааны судалгааны газрын дарга Хятадын стратегийн бодлого Монголын уул уурхайн салбарт хэрхэн нөлөөлж байгаа тухай ярьжээ. “Зэсээс коксжих нүүрс рүү” хэмээн нэрлэсэн түүний илтгэл манай улсын талаар бас л нэгийг өгүүлэх аж. Харин “Firebird Management”-ыг үүсгэн байгуулагч  Жеймс Пассин хамгийн ашигтай уул уурхайн төслүүдийг танилцуулж, тэр бүгдэд Засгийн газрын бодлого хэрхэн нөлөөлж буй тухай ярьсан байна. Үүний хажуугаар “Хууль эрх зүйн орчин сайжирвал гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэнэ” гэж хэлснийг “Ройтерс” онцолжээ. Тэгэхээр Монголоо сайн сурталчлаад өгвөл тийм ч том бэрхшээл биш бололтой.

 “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Камерон МакРэй Лондонгийн чуулга уулзалтад мөн оролцжээ. Энэ үеэр тэрбээр бидэнд хандаж “Та нар Оюутолгойн гэрээг өөрчилбөл муухай харагдана шүү” гэх санааг дахин давтан хэлэх шиг санагдлаа. Ямартай ч “Монгол Улсыг олон улсын хөрөнгө оруулалтын газрын зурган дээр байлгахын тулд Оюутолгой төслийн санхүүжилтийг амжилттай хэрэгжүүлэхийн бизнес эрхлэгчид хүсч байна” хэмээн онцолсон байна. Үүнийхээ далимд Оюутолгойн бүтээн байгуулалт Монголын өмнийн говийг хэрхэн хөгжүүлж байгаа тухай дурьдахаа мартсангүй. Оюутолгойн гэрээг өөрчлөх эсэх асуудал одоо хэлэлцээрийн шатанд явж байгаа. Тиймээс хувь нийлүүлэгчдийн аль, алиных нь эрх ашгийг хүндэтгэх шаардлагатай гэдгийг ч МакРэй хэлсэн юм.

Ямартай ч Лондон хотод болсон энэхүү чуулга уулзалтын үеэр Монголоо хэр сайн сурталчилж чадсан бэ гэдэг нь удахгүй харагдах биз. Дараагийн уулзалт зургаан сарын дараа Хонконгт болно. Тэр үед ямар үр дүнд хүрснийг харах л үлдлээ.

 

Т.Элиса