Ерөнхий сайд Н.Алтанхуягт ард олноосоо нуух нууц байна гэнэ. Тэр нууцынх нь тухай УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлын үеэр өнгөрсөн долоо хоногт асуусан.

“Ерөнхий сайд аа, таны төрсөн эгчийн охины “Говь нүүрс” гэдэг компани Тавантолгойгоос 17 тэрбум төгрөгийн тендер авсан байна. Мөн энэ компанийн захирал эмэгтэйн нөхөр нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэн юм байна. Г.Дэнзэн нь саяхан давхар “Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар томилогдсон. Энэ ямар учиртай юм бэ. Та тодорхой хариулт өгөөч ээ” гэж. Гэтэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг уг асуултад нэг ч үгээр хариулаагүй. Бусад асуултад нь хариулчихаад шүү дээ.

Тухайн өдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлыг телевизийнхэн үзэгчдэд шууд хүргэсэн. Иймд үзсэн хүн бүр Ерөнхий сайд энэ асуултад хэрхэн хариулах бол” гэдгийг хүлээж байсан нь гарцаагүй. Ерөнхий сайдыгаа шударга хүн мөн эсэхийг мэдэх ховорхон боломж тохиосон болохоор тэр.

Харамсалтай нь Н.Алтанхуяг гэдэг хүн Ж.Энхбаяр гишүүний асуултад хариулалгүй аргацааж өнгөрүүлснээрээ өөрийнхөө араас олон, олон эргэлзээг төрүүлсэн юм. Наад зах нь “Говь нүүрс” компанийг тендерт сонгон шалгаруулалтгүй ялуулсан нь үнэн юм байна” гэх таамаг.

Үүний баталгаа нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын жиргээ. Тэрбээр өчигдөр Ч.Уянга гэх бүсгүйн иргэний үнэмлэхний хуулбарласан зургийг олонд дэлгэж, “Н.Алтанхуягийн 17 тэрбумын авлига” гэсэн мэдээллийг интернэтээр цацсан. Өөрөөс нь уг мэдээлэл үнэн эсэх талаар тодруулахад “Хангалттай баримт бий” гэх хариултыг өгсөн. Мөн “Үргэлжлүүлэн үүнээс ноцтой баримт дэлгэнэ” гэв. Тэгэхээр асуудал цаашаагаа улам сонирхолтой бас ноцтойгоор үргэлжлэнэ гэсэн үг.

Гэхдээ асуудлын гол нь үүндээ байгаа юм биш. Ерөнхий сайд яагаад ил тодоор Ж.Энхбаяр гишүүний асуултад хариулсангүй вэ. Яагаад Н.Номтойбаяр гишүүнд жиргээ ашиглан улс төр хийх боломж олгов. Өнөөдрийг хүртэл энэ асуудалд юуны учир Ерөнхий сайдын талынхан бодит хариулт өгөхөөс татгалзаж ирэв. Ингэснээрээ Ерөнхий сайд хийгээд “Говь нүүрс” компанийн хооронд ямар нэгэн холбоо байгаа гэх хардлага улам бүр лавшрах нь гарцаагүй.

Түүнчлэн уг зорилгоо биелүүлэхийн тулд хүргэн дүү Г.Дэнзэнгээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болгож, дүү бүсгүйнхээ компанид ялагчийн батлахыг гардуулчихсан юм биш биз. Ингэж хардах эрх зөвхөн сэтгүүлчид төдийгүй монголчуудад бий. Хэрэв тухайн үед Ерөнхий сайд Ж.Энхбаяр гишүүний асуултад ил тодоор хариулсан бол асуудал ингэж өндрөө авахгүй байсан нь тодорхой.

Олон нийтийн санаа бодлыг тандахад чамгүй хэсэг нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг худлаа шоудлаа хэмээн харж байх шиг байна билээ. Харин олонх нь Ж.Энхбаяр гишүүний асуултад Ерөнхий сайдыг тодорхой хариулт өгөөгүйд ихээхэн ач холбогдол өгч буй бололтой юм билээ. Хэдийгээр өчигдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэн “Гүтгэлэгийн шинжтэй зүйл л яваад байна. Дахин хэлэхэд тийм зүйл байхгүй” гэх бүдэг бадаг хариулт өгсөн ч гэсэн шүү дээ. Уг нь тэрбээр асуудлыг тодорхой болгож Ерөнхий сайд хийгээд өөрийнхөө, цаашлаад Ч.Уянга гэх эмэгтэйн нэр төрийг сэргээхийн тулд үүнээс илүү тодорхой хариулт өгч болох байсан. “Би Ч.Уянга гэдэг эмэгтэйг танихгүй. “Говь нүүрс” гэдэг компани тендерт шалгарсанд би хамаагүй. Энэ компани олон өрсөлдөгч дундаас шалгарсан. Би Ерөнхий сайд Н.Алтанхуягтай хувийн ямар ч харилцаагүй. Би ийм компаниас хувь эзэмшдэггүй” гэх мэтээр. Гэтэл тэр тэгсэнгүй. Асуудлыг улам бүр бүдгэрүүлэн дахиад л ойлгомжгүй, эргэлзээтэй болгож орхилоо.

Тиймээс Ерөнхий сайдын зүгээс өөрийн биеэр дээрх мэдээлэлд эцсийн цэгийг нь хатгаж, үнэн худлыг нь ялгахгүй бол огцрох санал Ардын нам бус харин ард олны дундаас гарч мэдэх л юм. Юу яасан Ж.Энхбаяр гишүүний асуулт, Н.Номтойбаярын гишүүний жиргээ..

Г.Отгонжаргал