МАН-ын ЕНБДарга, Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ийн Дарга Д.Амарбаясгалан нар манлайлан, ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан С.Мөнхчулууны дүгнэлт гэгчийг гол үндэслэл болгон, сүүлийн үед үндэсний үйлдвэрлэл лүү илтэд дайрсан үйл ажиллагааг зохион байгуулах болсон билээ.

Зорилго нь гурилын импортыг гаалийн албан татвараас чөлөөлөх явдал бөгөөд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хурлаар уг асуудлыг хэлэлцээд буй.

 

Тэгвэл энэ тухай нийтлэлч Баабар өөрийн дүгнэлтээ илэрхийлэн, "Ойрд гэнэт гурилын эсрэг МАН толгойлсон хөдөлгөөн өрнөлөө. Гурилын үнэ, гурил үйлдвэрлэгчдийн эсрэг энэ ширүүн тэмцэл гурилын импортын татварыг тэглэх дээр очив. Ингээд Оросоос баахан бэлгийн (зудын тусламж нэрээр) улаан буудай орж ирэв. Оросууд Украины эзэлсэн нутгаас асар их будаа дээрэмдсэн нь дэлхийн зэвүүцлийг хүргэнгүүт Пригожины төрийн эргэлт хийсэн төв Африкийн гуйлгачин орнуудад тусламж нэрээр өгч, дээрэмдээгүй зүгээр ядарсан орнуудад сайн санааны тусламж болгох гэж авсан гэж тайлбарлах болжээ. Энэ тусламж хүртэх эрхтэй орныхоо тоонд Монголыг оруулж.

 
Эндээс мэдээж ашиг хүртэхээр шийдсэн Монгол удирдагчид үүнээ зөвтгөхийн тулд эхлээд үндэсний үйлдвэрлэгчдээ гутаах гүтгэх кампанит ажил санаачлав.

 

Ганцхан гурил үйлдвэрлэгчид л үнээ өсгөсөн, гагц тэд л шуналтай, тэд л ганцаараа төрөөс тэтгэлэг авсан, бусад юмны үнэ өсөөгүй, бусад нь төрийн дэмжлэг аваагүй юм шиг тоглолт. Хожим Оросын энэ шижээргүй дээрэмд хамтрагч болсон орны бүртгэл гарахад Монголын нэр тэнд үүрд зоолттой үлдэнэ. Жижиг ашиг том хохирол." гэжээ.