Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатартай ярилцлаа.


-Энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацааны сүүлчийн чуулган өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийлээ. Та энэ парламентын ажилд ямар дүн тавих вэ?

-Ямар нэгэн ажил хийсэн байж, түүнд нь дүн тавих ёстой болно. Гэтэл юу ч хийгээгүй болохоор дүн тавихад үнэхээр хэцүү. Харин хийсэн зүйл нь гэвэл өөрсдийнхөө өнгөрсөн сонгуульд зарцуулсан мөнгөө олж авах хууль баталж, үйл ажиллагаа явуулсан. Мөн түүхэнд байгаагүй олон гишүүн эргүүлэн татагдсан. Шүүхээр ял оноочихсон ч гишүүнээсээ буудаггүй, ёс зүйгүй парламент байна. Энэ чинь нөгөө л нэг бидний бий болгосон тогтолцооны алдаа л даа. Асар их мөнгөөр сонгууль хийж, жалга довноос сонгогддог. Харин үүнийгээ засахын тулд тогтолцооны өөрчлөлтийг эхлүүлсэнд нь сайн үнэлгээ өгч болох ганц зүйл нь боллоо.

-Сонгуульд зарцуулсан мөнгөө олж авахын тулд хууль баталсан гэж та хэллээ. Тэгвэл ямар хуулийг онцолж хэлэх вэ?

-Гишүүнээр сонгогдсон нэг хүний сонгуульд зарцуулсан мөнгөн дүн ойролцоогоор 4-5 тэрбум төгрөг гэсэн судалгаа бий. Өөрсдөө ч хэлдэг. Энэ мөнгөө олж авахын тулд баталсан гол хууль гэвэл 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлт байна. Уг нь Засгийн газрын таван гишүүнээс илүүгүй нь сайд байна гэсэн заалт байсныг Үндсэн хуулийн Цэц дээр унагасан. Тэгээд түүнийгээ буцааж оруулж ирэхдээ Засгийн газрын бүх гишүүд давхар дээл өмсөх нөхцөлийг бий болгосон. Ингээд сайд нарыг анх томилсон чуулганы хуралдаан дээр Чингэлтэй дүүргээс сонгогдсон М.Оюунчимэг гишүүн “Бид тойрог дээр зүтгээд суудал олж ирсэн. Та нар одоо сайд болж байна. биднийг бодоорой” гэсэн утгатай үгийг хэлсэн. Энэ чинь өөрсдийнх нь гаргасан мөнгийг олж өгөөрэй гэсэн захиас гэж боддог.

-Тогтолцооны өөрчлөлт эхлүүлсэн нь ганц сайн ажил гэсэн. Гэтэл 126 гишүүнтэй болж, бүсчилсэн тойрогтой болгосон зэрэг нь жижиг намуудад халгаатай гэсэн зүйлийг улс төр судлаачид хэлж байна?

-Тэр бол судлаачдын л үг. Ер нь улс төрийн намын эрхэм зорилго чинь улс орноо хөгжүүлэх шүү дээ. Түүнээс биш улс төрийн зорилго жижиг намуудыг парламентад оруулах албагүй. Улс хөгжил, язгуур эрх ашиг л чухал болохоос жижиг намуудыг хэрчих хэнд хамаатай юм бэ. Би бол ийм итгэл үнэмшилтэй байгаа. Архангай, Баянхонгор, Өвөрхангай гурвыг бүсчлээд тэндээс гарсан есөн хүн нийлээд тэндээ үйлдвэр барих тухай, ажлын байр бий болгоод явах нь зөв зүйл. Тийм болохоос жижиг намууд гарч ирнэ үү, байна уу огт хамаагүй. Дээрээс нь манай жижиг гэгддэг намуудын дийлэнх нь сонгуулийн бусад үед ажилладаг юм уу. Сонгууль болохоор л шаагилдаад гараад ирдэг. Ийм байж бидэнд ашигтай байгаач гэж гуйж болохгүй. Монголд л ашигтай байх ёстой гэж би харж байгаа. Энэ тогтолцооны өөрчлөлт үр өгөөжөө өгнө гэж бодож байна.

-Нөгөө талаасаа огт ажил хийгээгүй гэгддэг сүүлийн 20, 30 жил сонгогдсон нөгөө нөхдүүд чинь гараад ирэх юм биш үү. Хэрэв тэгвэл үр ашгаа өгнө, ажил хийнэ гэж итгэж болох юм уу?

-Энэ хүмүүс гарч ирэх гээд байгаа нь гол биш. Яагаад тэднээсээ илүү бусад нь ажиллаж чадахгүй байгаа вэ гэдэгтээ анхаармаар байгаа юм. Нэр хүнд нь уначихсан. Авлигын хэрэгт холбогдсон, ард түмнээ хуурч мэхэлсэн гээд өчнөөн муу нэр хүндтэй. Гэтэл ийм байгаа хүмүүсийг ялаад гараад ирэх хэмжээний ажиллаж чадахгүй байгаа нь бидний л буруу биз дээ. Эдгээр хүмүүсээс илүү ажиллаж чадна гэдгээ харуулаад, улс төрийн нам ажлаа өдөр бүр хийгээд явах ёстой.

-Ерөнхий сайд парламентад суудалгүй намуудын төлөөлөлтэй уулзсан. Таны бие ч байсан. Харин энэ уулзалтаар улс төрийн юуг тохирсон юм. Тэр тохирсон зүйл нь одоо биелсэн үү?

-Тэр үед Ерөнхий сайд биш МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга буюу ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан уулзсан юм. Ингэхдээ улс төрийн намуудтай санамж бичиг зурсан. Тэр санамж бичигт Монгол Улс нэг тойрог болоод гишүүдийн тоог 152 байна гэж тохирсон. Харамсалтай нь парламентад орохдоо МАН, АН, ХҮН гэсэн гурван намын зөвшилцөл болоод 48 нь нэг тойргоос үлдсэн нь жижиг тойргоос сонгогдсон 126 гишүүнтэй байхаар гаргаад ирсэн. Ер нь манай улсад улс төрөө огт дийлдэггүй юм байна. Нэг нь сайн зүйл хийх гэж байсан ч хийлгэдэггүй. Зөвхөн намаа ялуулахын тулд л улс төр хийдгээс болоод улс орон ялагдсан. Уг нь бид Монгол Улс яаж сайхан болох юм. Монгол хүн хэрхэн жаргалтай амьдрах вэ гэдэг агуулгаар дүр зургаа хараад улс төр хийгээд сурчихмаар байна. Ийм улс төрийг харамсалтай нь дээд үеийн ах нар хийхгүй.

-Тэр уулзалтаас хойш таныг улс төрийн хүрээнийхэн дотор “Ерөнхий сайдын хүн болчихсон” гэсэн яриа гарсан. Тогтолцооны өөрчлөлтийг дэмжээд байгаа болохоор тэгээд байна уу. Чухам яагаад ийм яриа гарсан юм бэ?

-Тогтолцооны өөрчлөлтийг би дэмжиж байгаа. Үүнийг дэмжсэний төлөө Ерөнхий сайдынх, эсвэл хэнийх болсон гэж хэлэх нь надад огт хамаагүй. Учир нь би зөв зүйлийг дэмжиж байгаа. Өнгөрсөн хугацаанд эрх баригчдыг шүүмжилсээр ирсэн хүн Ерөнхий сайдынх болчихдог юм байна. Тэгвэл шүүмжлээгүй, сөрөг хүчин байж огт хөдлөөгүй АН, ХҮН юу нь болох вэ. Ер нь ийм яриаг АН-ынхан гаргадаг. Өөрсдөө МАН-тай тохироод учраа олоод амьдраад байдаг юм.

-Саяхан 35 нам эвсэж сонгуульд орох тухай яриа гарч, уулзалтууд хийсэн. Энэ асуудал юу болсон бэ?

-ИЗНН-ынхан бидний хүсч явдаг сайхан санаачилга гаргаад уулзсан. Гэтэл яг үнэндээ ажилладаг нь цөөхөн. Ингээд шүүмжлэхээр шүүмж даадаггүй. Сонгууль болохоор л цүнх, цүнхнээсээ намаа гаргаж ирдэг нь үнэн шүү дээ. Дээрээс нь тус, тусын үзэл санаатай болохоор түүндээ хөтлөгдөөд нийлж чаддаггүй. Бид өнөөдөр нэг хэсэг хулгайчаас салмаар байна л гээд яриад байгаа шүү дээ. Гэтэл тэднийг нөгөө хулгайчаар нь сольж болохгүй. Жишээлбэл, зарим нь Н.Номтойбаяртай нийлчихсэн явж байна. Тэгэхээр би ард түмэнд очоод эдний хулгай маш муухай, манай хулгайч арай гайгүй гэж хэлэх юм уу. Стратегийн ач холбогдолтой Нарийн сухайт, Цагаан суварга гэсэн хоёр ордыг өнөөдөр Н.Нямтайширын гэр бүл эзэмшдэг. Н.Номтойбаяр өнөөдөр яагаад улс төрд эргэж орох гээд байгаа юм. Учир нь хулгайч нартаа хөөгдсөн хулгайч шүү дээ. Цагаан суваргын ордын 51 хувь нь төрд байх ёстой. Нэг цагт төр энэ хувиа авъя гэхээр нь өөрийгөө хамгаалахын тулд л улс төрд эргэж орох гэж байгаа юм. Энэ мэтчилэн олон асуудлаас болоод намууд нийлэх асуудал бүтээгүй. Тиймээс энэ сонгуулиар унасан ч хамаагүй, дангаараа орно. Сонгуульд унаж, ялагдаж болно. Гэхдээ хүн үзэл санаа, үнэт зүйлээсээ урваж болохгүй. Сонгуульд ялалт байгуулахын тулд хулгайчтай нэгдэж чадахгүй. Дээрээс нь бид энэ удаагийн сонгуульд мөнгөнд биш ард түмнийхээ ухаарал, итгэл үнэмшилд найдаж байгаа.

-Үнэн ба зөв нам энэ удаагийн сонгуульд дангаар орох юм байна. Бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ. Нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө Сонгуулийн ерөнхий хороонд өгөх хуулийн хугацаа дуусах дөхөж байгаа шүү дээ?

-Энэ долоо хоногийн амралтын өдрөөр хуулийн хугацаа дуусна. Бидэнд ард түмэн, албан байгууллагууд саналаа ирүүлээд явж байна. Пүрэв гаригаас өмнө мөрийн хөтөлбөрөө нэгтгээд дуусна. Бид мөнгөгүй сонгууль гэж юу байдгийг үзүүлнэ. Мөнгө хэдий хэр цацна, тэр чинээгээрээ төрөөс хулгай ч хийнэ. Тиймээс бид хулгай болох, УИХ-ын гишүүн болж үзэх мөрөөдөлгүй. Парламентын гишүүн болох мөрөөдөлтэй байсан бол хулайчуудтай нэгдэж болох байх. Миний ойлгосноор тэр Н.Номтойбаярыг чинь МАН дэмжээд байгаа шиг байна лээ.

-Тэгвэл энэ удаагийн сонгуулиар танай нам өөрийн төлөөлөлтэй болж, парламентад үзэл бодол, үйл хэргээ хүргэдэг боломж хэр байна вэ?

-Бид хичээж байна. Энэ төрд хяналт хэрэгтэй байгаа. Тиймээс бид хүчтэй сөрөг хүчин болно л гэсэн байр сууртай. Парламентын засаглалын хамгийн том мөн чанар бол сөрөг хүчин. Бид энэ сонгуульд ямар нэгэн барьцаагүй орж байгаа учраас хүчтэй сөрөг хүчин байж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа юм.