ОХУ-аас Монгол улсад суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд А.Н.Евсиков өчигдөр өөрийн албан ёсны цахим хуудастаа: "Гуравдугаар сарын 22-нд Москва мужид байрлах «Крокус Сити Холл» концертын танхимд аймшигт террорист халдлага гарч, 137 гэм зэмгүй иргэн амь насаа алдаж, 182 хүн шархаджээ.

Энэхүү эмгэнэлт явдалтай холбогдуулан гуравдугаар сарын 24-ний өдрийг манай улсад бүх үндэсний гашуудлын өдөр болгон зарласан. Энэ хүнд хэцүү цаг үед зүрх сэтгэл, бодол санаагаараа Оросын ард түмэнтэй хамт байсан бүх хүмүүст миний бие гүнээ талархаж байна...

 

Гэвч харамсалтай нь гашуудлын өдөр Элчин сайдын яаман дээр ирж, террорист халдлага болсонд баярласан, ингэснээрээ алан хядагчдыг дэмжсэн цорын ганц улс болох Украины далбаан дор Оросын эсрэг жагсаал зохион байгуулахаасаа ичихгүй байсан хүмүүс ч байсныг бид тэмдэглэхээс өөр аргагүй болоод байна.
Эдгээр Монголын “идэвхтнүүд”-ийг ч мөн терроризмыг дэмжигчид гэдэгт тооцох нь зүйтэй гэж би үзэж байна"

 

хэмээн бичсэн билээ.

 

Үүнтэй холбоотойгоор жүжигчин Д.Сосорбарам нийгмийн сүлжээнд: "ОХУ-ын Элчин нэртэй А.Н.Евсиков гэдэг "туршуул” энх тайвныг эрхэмлэн дайныг эсэргүүцэгчдийг террорист гэж гүтгэж байна.Харин энэ террорист нөхрийг даруй эх оронд нь буцаа !

Бид дайныг эсэргүүцнэ. Энх амгаланг хүн төрөлхтөнд хүснэ.

Путин бол алан хядагч. Гаагад дуудаж ч байгаа." хэмээн байр сууриа илэрхийлжээ.