С.Оюун ашиг сонирхлын зөрчилтэй юу
2013/04/23
Монголын улс төр дэх амьдрал нойрноосоо сэрж том жижиг гэлтгүй намууд дотроо үймээнтэй байна. Улс төрд ороод арав гаруй жил болж байгаа хэдий ч нэг хүний гэсэн тодотголтой ИЗНН-ын удирдлагууд зөрчилдөж эхэлжээ.
ИЗНН-ын гишүүн М.Бат-Ялалт, С.Жаргал нар намын удирдлагууддаа шүүмжлэлтэй хандаж, нам доторх нуугдмал санхүүжилт, алдаа дутагдал бүрийг илчилж хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгч явна.
Тэдний өгсөн ярилцлаганаас харвал намын дарга С.Оюун ашиг сонирхлын зөрчил ихтэй хүн шиг харагдана. ИЗНН “Энержи ресурс” гэх мэт том компаниудаас өчнөөн олон сая төгрөг авдаг. Мөн АН, МАН-аас аль алинаас нь дэмжлэг авч, хамгаалалттай явдаг гэсэн ярилцлагыг “Улс төрийн тойм” сонинд намын ерөнхий нарийн бичгийн дарга асан С.Жаргал өгчээ. Үнэхээр л уул уурхайн томоохон компаниудтай холбоо сүлбээтэй ажилладаг бол энэ хүн байгаль орчин ногоон хөгжлийн яамыг удирдаад явж болох уу. Мөн тэдний хэлж байгаагаар энэ нам 13 жил болсон ч одоо хэр нь төлөвшөөгүй, өөрийн гэсэн чиг баримжаа, үзэл баримтлалгүй, бас С.Оюун дарга хаашаа гэнэ, гишүүд дэмжигчид нь түүнийг дагаж далдайдаг гэнэ.
Мөн энэ нам гишүүд дэмжигчид рүүгээ чиглэсэн, улс эх орны хөгжлийн төлөө гэсэн ямар ч ажил хийдэггүй. Сонгууль дөхөхөөр л гишүүд, дэмжигчидтэйгээ мэдсэн юм шиг хайр зарлаж гүйдэг хэрнээ сонгуулийн дараа “чи явж болно” гэж хэлээд л зайгаа барьдаг гэж ярих юм. Ийнхүү намын удирдлагууд хоорондоо хагаралдаж, эрх ашиг, мөнгө санхүүжилт ярьж байгаа нь эрх мэдэл, ашиг сонирхлын зөрчил мэт гишүүдэд харагдаж байна.
Улс төрийн салбарт ороод арав гаруй жил болж байгаа ч гуравдагч хүчин болж чадаагүй нь цөөхөн хэдэн удирдагчидаас өөр олонд танигдсан лидер байхгүйн зовлон ч юм шиг. Гэхдээ л уг нам ганц хүний нам мэт харагддаг агаад тэдний алдаа оноо болгон мөнөөх С.Оюунтай холбогддог нь нууц биш. Тэгэхээр чухам тэдний дунд хэнийх нь ашиг сонирхол илүү байгааг тааварлашгүй. Сонгууль бүрийн өмнө улс төрийн томоохон намуудын бөөрөнд хачиг шиг наалдан байж суудал авахыг эрмэлздэг талаар гишүүд нь ярьдаг.
УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр их дэлгүүрийн урд талын сурталчилгааны самбаруудыг худалдан авч сурталчилгаагаа байрлуулсан гэх. Харин эдгээр самбарын төлбөрийг МАН-ынхан хийсэн байсан гэж С.Жаргал ярилцлагадаа дурдсан. Тэгэхээр намын дарга С.Оюун ахынхаа үйл хэргийг үргэлжлүүлж ардчилалыг дэмжиж байна уу гэхээр үгүй ч юм шиг. Сурталчилгааны самбарын мөнгөө МАН-аар төлүүлсэн гээд МАНтай холбоотой юу гэхээр бас л биш юм шиг харагдана. Учир нь Засгийн газарт АН-ыг бараадаж байгаад сайд, дэд сайдын суудал салгачихсан. Ингээд бодохоор С.Оюун гишүүн сүйхээтэй нэгэн бололтой. ИЗН-ын хувьд дандаа л аль нэг жижиг намтай толгой холбож байгаад салчихдаг нь нууц биш. Б.Жаргалсайханы БНН-тай найрамдаад л салсан.
Харин одоо МНН-тай дэр нэгдсэн. Хэзээ салахыг мэдэхийн аргагүй. Харин намынхаа дэргэд жигүүр байгуулсан гишүүд өрх гэрт нэг л толгойлогч байх хэрэгтэй. Үргэлж бусдын хажуу хавирганаас зууралддаг С.Оюун, “бөөрөнхий” С.Дэмбэрэл гэх хоёр даргын нэг нь суудалдаа үлдэж, нөгөө нь өөр албан тушаал хаших шаардлагатайг хэлж байгаа. Гэхдээ толгойлогч нь өрх гэрийнхээ бусад гишүүдийн ч үгийг сонсож, санал санаачлагыг дэмжих хэрэгтэй. Бүхнийг ганцаараа шийдэх ёсгүй гэж байгаа юм.
Намын дарга С.Оюуны хувьд энэ намыг өмчилчихсөн, энэ намд надаас өөр лидер байхгүй мэтээр төсөөлж, намын ажлыг ар гэрийнхээ ажилтайгаа хутгадаг гэж Х.Бат-Ялалт өгүүлсэн. Түүний хэлснээр, С.Оюун намынхаа хуралд ирэхдээ нөхрөө дагуулж ирж, нөхөр нь намын дотоод ажилд оролцдог гэсэн юм. Үнэхээр л тийм бол энэ нам улс төрийн хүчин бус нэг айлын компани юм шиг явж иржээ. Мэдээж халагдаж, огцорсон гишүүдийн гомдлын үг эрх мэдлийн бялуунаас хүртэж чадаагүй хүний бухимдал үнэ цэнэгүй байдаг болохоос биш тийм ч ташаарсан зүйл хэлээгүй л байлтай. Үнэхээр ч энэ намыг С.Оюун гэдгээр нь хүмүүс сайн мэднэ.
Уг нь ардчилалын алтан хараацайн дүү намдаа ардчилал гэдгийг жинхэнэ утгаар нь харуулна хэмээн олон хүн итгэж байсан. Гэтэл үнэндээ энэ намд дотоод ардчилал гэж алга болжээ. С.Оюун гишүүнийг Ерөнхийлөгчид өрсөлдөхгүй гэхээр энэ намаас өөр өрсөлдөх хүн байхгүй гэсэн ойлголт нийгэмд бий болчихоод байгаа. Улс төрд орсон хугацааг нь харвал нэлээд олон жил болсон тус намд лидер сайн гишүүд байхгүй гэж үү.
Сонгуулиар ч тус намаас сонгогдсон гишүүд энгийн гишүүдийнхээ хүчээр гарч ирсэн байлтай. Хэрвээ тэд ИЗНН-д санал өгөөгүй байсан бол С.Оюун, С.Дэмбэрэл нар УИХ гишүүн болохгүй байсан. Тэгэхээр сонгуулиар л ашигладаг намынхаа гишүүд рүү анхаарлаа хандуулахгүй хэт их удсанаас энэ намынхан дээр доргүй зөрчилдөж байна. Жигүүр байгуулж гарч байгаа гишүүдэд ашиг сонирхлын зөрчил байна уу, С.Оюун гишүүн ашиг сонирхлын зөрчилтэй юу гэдэг нь тодорхойгүй л байна. Аль аль нь намаа удирдаж явсан удирдагчид хагарлаа арилгаж, гишүүддээ анхаарал тавимаар.
Г.Халиун