Хотын дарга Х.Нямбаатар Төв шуудангийн урдах С.Зориг агсны хөшөөтэй холбоотой газрын баримтыг цахим сүлжээнд байршуулжээ. Ингэхдээ “…Зоригийн хөшөөний газрыг заржээ. Зараад зогсохгүй хөшөөг нүүлгэн шилжүүлж газар дээр нь цамхаг барихаар санаархаж байна.

Үр могой эхийгээ залгидаг шиг МоАХ-ноос улбаатай энэ байгууллага их л эелдгээр "Зориг сан"-д хөшөөг нүүлгэн шилжүүлж өгнө үү гэжээ. Лав л Монгол хүний дотор хэзээ ч ийм атгаг шуналын сэдэл төрөхгүй. Монголын түүхэнд хар толбо болж үлдсэн цуст хэрэгт гэмгүй иргэдийг хэлмэгдүүлэн яллаж, ахуйн гэмт хэрэг болсон мэт ойлголт өгөхийг одоо болтол хичээсээр байгаа нь ойлгомжтой болсоор байна. Монголыг хайрладаггүй нүгэлт хар гөрөөчний бүхэл бүтэн тролл арми байгааг өнөөдөр харлаа. Монголын ардчиллыг эднээс хамгаалах хэрэгтэй болжээ гэдгийг ч бас харлаа.

Бид "Зоригтой"-гоо үлдэнэ” гэж бичжээ. Уг баримт нь “Шинэ дэвшилт холбоо” НҮТББ-аас “Зориг сан”-д илгээсэн “…Зөвшөөрөл хүсэх тухай” албан тоот байна. Түүндээ “…Барилга барих тул С.Зориг агсны хөшөөг аюулгүй шилжүүлэх зөвшөөрөл өгнө үү” гэжээ. “…Ардчилал, шударга ёсыг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах, зах зээлийн эдийн засагт дэмжлэг тулалцаа үзүүлэх, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, Монгол улсын хөгжлийг шинэ дэвшилд хүргэх” үйл ажиллагааны чиглэлтэйгээр 2017 онд байгуулагдсан “Шинэ дэвшилт холбоо” НҮТББ-ын Удирдах зөвлөлийг дарга нь Даваадоржийн Ганболд юм байна. “…Да.Ганболд” гэхээр бүгд мэднэ дээ.

Тэрбээр МҮДН-ын анхны дарга, МҮАН-ын анхны дарга, Ардчилсан хувьсгалын дараах анхны Засгийн газрын Тэргүүн шадар сайд, Хотын даргын орлогч, Төмөр замын удирдах газрын дарга, “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүн, “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал, ажиллаж байсан. Мөн түүнийг 1998 онд Монгол Улсын Ерөнхий сайдад долоон удаа нэр дэвшиж байсан эрхэм гэдгээр нь монголчууд сайн мэднэ.

 

 

Б.Гарьд

Эх сурвалж: polit.mn