Дөрөвдүгээр сарын 09-ний орой Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нийт долоон өрхийн 15 иргэн угаартаж, хоёр нь нас барсан харамсалтай тохиолдол гарлаа.

Тодруулбал, 2024 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн хувьд Сонгинохайрхан болон Баянзүрх дүүрэгт тус тус нас баралт бүртгэгдсэн ба тухайн өдөр нас барсан 2 тохиолдлын хувьд хоёул өрхөө бүтээсэн, гэрт нь угаар мэдрэгч төхөөрөмж байгаагүй.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хор судлал, шуурхай удирдлагын албанд мэдээлснээр 2024 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 4 дүгээр сарын 10-ны  өдрийн 14 цагийн байдлаар Нийслэлийн 7 дүүрэг, 5 аймагт нийт 932 хүн угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, үүнээс 20 нас баралт бүртгэгдсэн байна.

Угаарын хийн хордлогоос сэргийлж айл өрх бүх яндангаа тогтмол хөөлөх, зуух пийшингийн битүүмжлэл, үнс нурмыг сайтар шалгаж байх, галлагааг аюулгүй, зөв хийх, агаар сэлгэлтийг тогтмол хийх зэргээр өөрсдийгөө сэргийлэх боломжтой ба хамгийн чухал анхаарах шаардлагатай зүйл бол угаар мэдрэгч төхөөрөмжийг тогтмол ажиллуулах, салгахгүй байх нь маш чухал.

Мөн бага насны хүүхдээр галлагааг хийлгэхгүй байх, автомашины граж зэрэг битүү орчинд бензин хөдөлгүүрийг ажиллуулахгүй байх зэргийг анхаарах нь зүйтэй.

Мөн хамгийн чухал сэргийлэх арга бол угаар мэдрэгч бөгөөд угаарын хий 30ppm-с хэтэрсэн тохиолдолд улаан гэрэл анивчиж, дуут дохио өгч ажилладаг. Иргэд уг төхөөрөмжийг цахилгаан их зарцуулдаг, дуу гаргаад байдаг гэх шалтгаанаар цахилгаанаас салгах, зайг салгах, ажиллуулахгүй байх зэргээс шалтгаалан  асуудлаас үүдэн угаартах эрсдэл нэмэгдэж, хордлогод өртөх тохиолдол өндөр байна.

Мөн хавар, зуны улирал бороо орж, айлууд өрхөө бүтээх зэрэг асуудлаас үүдэн нас барах тохиолдол нэмэгдэж байгаа тул сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.