Ардчилсан намын 4:11 мэдээллийн цагт өнөөдөр  Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Ган-Очир болон Увс аймгийн Ардчилсан намын дарга Д.Цэндсүрэн нар мэдээлэл хийлээ.

АЗХЕ Б.Ган-Очир "Бид энэ улаан туузыг бид бүгдээрээ Монгол орон үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон бүх эрх зөрчигдөж байна гэсэн утгыг агуулж наасан. Гол хэлэх гэж байгаа санаа маань Ардчилсан залуучуудын холбооноос өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулийн Цэцэд Эрүүгийн хуулийн 13, 14 дүгээр зүйл заалтыг өгсөн. Үндсэн хууль зөрчиж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн язгуур эрх ашиг, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх маань нээлттэй байх ёстой. Гэтэл сошиалд бичсэн шүүмжлэл шоронд орох үндэслэл болж эхэллээ. Сошиалд үгээ хэлсэн, лайв хийсэн сэтгүүлч шоронд орох шалтгаан болж хувирлаа. Эцэстээ эрх баригчдыг шүүмжилбэл шоронд ордог, долоовол доллар авдаг нийгмийг бий болгоод байна.

Тийм учраас Эрүүгийн хуулийн 13, 14 дүгээр зүйл заалт бол Үндсэн хууль зөрчиж байгаа. Олон улсын хүний эрхийг байгууллагаас Монголд энэ заалттай холбоотойгоор зөвлөсөн байгаа. Зөвлөгөө нь юу бэ гэвэл  бусдыг доромжилсон, гүтгэсэн, худал мэдээлэл тараасан заалтаа Захиргааны хуульдаа эргүүлж оруулаач, иргэнийхээ журмаар шийдээч ээ. Эрүүгийн хуульдаа зааснаас болоод танай иргэд эрх чөлөөгүй болж эхэлсэн. Сэтгүүлч нар эрх чөлөөгүй болсон. Улс  төрийн намын сөрөг хүчин эрх чөлөөгүй болсон. Гар утастай интернэтэд ордог хүн бүр эрх чөлөөгүй болж эхэлсэн. Хүссэн цагтаа тэр хүмүүсийг ачна, тамлана, шоронд хорино,байцаана гэсэн ийм үндэслэл болно гэж олон улс даяар үзэж байна. Тиймээс ийм айдсаар ийм нийгмийг үүсгэлээ гэж олон улс даяар үзээд байна. Ийм учраас дээрх заалтыг өөрчлөх шаардлагыг УИХ дахь МАН-ын бүлэгт хүргүүлж байна" гэв.

 

Мөн Увс аймгийн Ардчилсан намын дарга Д.Цэндсүрэн "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хулгайтай тэмцсэнээр нүүрс экспорт нэмэгдсэн, долларын нөөц нэмэгдсэн гэж удаа дараа мэдэгдэл хийж байгаа. Хулгайтай сайн тэмцэж байгаа гэсэн PR-ыг эрх баригчид сайн явуулж байгаа. Үнэхээр хулгайчтайгаа тэмцэж байгаа бол Ерөнхий сайд таны хажууд хулгайч нар чинь байна. Танхимын хулгайч нартайгаа тэмц. Орд газар зарсан, Монгол Улсын хилээр хууль бусаар маш их хэмжээний доллар оруулж  ирсэн, авлигын мөнгө нь гэрт нь багтахаа болиод алтан гулдмай болгож хадгалж байгаа гэж мэдэгдсэн Хууль зүйн сайдаасаа, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаасаа, Эдийн засгийн хөгжлийн сайдаасаа хулгайгаа нэх.

Архангай аймгаас УИХ-д сонгогдсон байсан, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат УИХ -ын танхимд мэдэгдэл хийж байсан. Сангийн сайдаар ажиллаж байсан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байгаа Ч.Хүрэлбаатар ах дүү найз нөхөдтэйгээ нийлээд Увс аймгийн Бөх мөрөн сумын Хотгор шанагын уурхайг солонгосчуудад 10 сая ам.доллараар зарсан гэж… Сангийн сайд байсан хүн, ёс суртахууны хувьд ядаж 10 сая ам.долларын 10 хувь болох ХХОАТ болох 1 сая ам.доллараа төлчих.

Хоёрт, Хууль зүйн сайд Б.Энхбаяр мэдэгдэл хийсэн. Нүүрсний хулгайн 30 сая ам.доллар Монголын хилээр хууль бусаар орж ирсэн. Холбогдох этгээдүүд нь Засгийн газар дотор ажиллаж байгаа. Авлига хулгайтай тэмцэж байгаа юм бол 30 сая ам.долларын эзнийг зарла. Танхимын чинь сайд хэлсэн, энийг мэдэхгүй байна гэж байхгүй.

Дээр нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хэлсэн. Авлигачдын мөнгө гэрт нь багтахаа болиод алтан гулдмай болгож хадгалж байна шүү.  Энийг Монгол Улсын хуулийн бүх байгууллага мэдэж байгаа. н.Чинбат прокурор та энийг мэдэхгүй өнгөрнө гэж байхгүй гэж мэдэгдсэн. Ийм учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлж, танхим доторх хулгайч нартаа хариуцлага тооцохыг шаардаж байна" хэмээн ярилаа.