Л.Оюун-Эрдэнэ: Үүсмэл ордтой холбоотой асуудлыг П.Цагаанаас эхлээд хог, хаягдал гээд байгаа юм, энэ бол стратегийн ордтой яг адил баялаг
2024/04/19
УИХ-ын чуулганаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлээд байна. Энэ үеэр ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийлэв. Хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан билээ.
Тэрбээр "Эрхэм гишүүд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг дэмжиж өгнө гэдэгт итгэлтэй байна.
Стратегийн ордын жагсаалтад байсан төслүүдийг 2006 онд стратегийн орд биш гэж ээлж дараалан лобби хийж, УИХ-аар жагсаалтаас гаргасан. Стратегийн ордуудын дийлэнх нь алга болсон. Ордын нөөцийг хувааж, багасгах эсвэл УИХ-д лобби хийж, Цэцтэй нь авлига төлж, гаргаж авсан байдалтай байгаа. Удахгүй сонсголоор тодорхой болно.
Стратегийн ордтой холбоотой зохицуулалт хатуу байх ёстой. Уул, уурхайн салбар хөгжсөн Норвеги, Чили улс тийм л байгаа, ялгаатай биш. Үүсмэл ордтой холбоотой асуудлыг П.Цагаанаас эхлээд хог, хаягдал гээд байгаа юм. Энэ бол стратегийн ордтой яг адил баялаг.
Оюутолгой, Эрдэнэт үйлдвэрт ч бий болно.
Стратегийн ордуудыг хувь хүнд өгвөл ил тод болно гээд байгаа, үгүй шүү Б.Пүрэвдорж гишүүнээ. "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа. Цагалбар гэж дансанд тус компани 13 сая ам.доллар шилжүүлсэн. Энэ баримтаар ил болно гэдэгт итгэлтэй байна.
"Эрдэнэтийн 49% саалийн үнээ шиг хөгшрөөд үхэх гээд байна" гэж авчхаад 600 тэрбум өнөөдөр хоёр их наяд болоод байгаа нь ил тод байдал уу. Ц.Элбэгдорж "Миний үгэнд алдаа байлаа" гэж хариулаад буй. Ийм том стратегийн ордод төрийн тэргүүн хүн үгийн алдаа гаргаж болдог юм уу. Ийм байдлаар стратегийн ордыг хууль дамжуулж хулгайлах нь энэ хүрээд цэг тавигдана.
Үндэсний баялгийн сантай холбоотой асуудал олон жил яригдсан, одоо эцэслэн шийдвэрлэгдэх ёстой.
Стратегийн орд эзэмшээд луйвардаж авсан хэдэн компаниуд энд тэндээс уг хуультай холбоотой янз бүрийн ойлголтууд төрүүлэхээ болих хэрэгтэй. П.Цагаан, МАК компани болих хэрэгтэй. 34%-ийг хуримтлалын сан руу шилжих эрхийг нь өгчих.
Ямар нэг асуудал гарвал стратегийн ордуудыг буцааж авах, ордуудыг жагсаалтаас гаргахад хэн, яаж оролцсоныг АТГ-т ярих асуудал байж болохоор байгаа. Одоо хангалттай, аятайхан байцгаачих, яасан их мөнгөтэй юм.
Энд ирж, асуудал яриад ард талд нь луйвар явдгийг таслан зогсоох гэж байгаа юм. Хэзээ ч нам ярьж байгаагүй. Авлигал байгаа бол асуудлаа шийдье л гэж байгаа юм.
Стратегийн орд газруудын дэргэдэх үүсмэл орд хог биш, баялаг. Иргэдийн тархийг угаахаа болих хэрэгтэй" хэмээн ширүүхэн хэллээ.
Зочин · 2024/04/19
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh