Youtuber Г.Должинсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр Grace Choi юүтүб болон фэйсбүүк хуудсаараа гэр бүлийн контент хийдэг юм. Түүний фэйсбүүк хаягийг 261 мянган хүн дагадаг. 


-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Ганбаатарын Должинсүрэн гэдэг. Увс аймагт төрсөн. Хоёр настайдаа манайх Дархан-Уул аймаг руу нүүж байсан юм. Арван жилээ төгстлөө тэндээ амьдарсан. Одоо БНСУ-д нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг. МУБИС-ийг Монгол хэл, уран зохиолын мэргэжлийн бакалавр, магистрын зэрэгтэй. Мөн влог хийдэг ээж.

-Grace Choi гэх нэр ямар түүхтэй вэ?

-Бага ангид байхдаа  байрныхаа найзтайгаа юм ярьж сууж байхдаа англи нэртэй больё гээд шийдээд өөртөө Grace гэх нэр өгч байсан. Тэр үед жаахан ч байж гадаад нэрэнд дуртай байсан. Нэлээд хэдэн жилийн дараа  yahoo нээх болоод нэрээ юу гэж өгөх вэ гэж бодож байхад энэ нэр санаанд ороод түүнээс хойш бүх зүйл дээр энэ нэрээрээ явсаар байгаад одоо бол бараг л жинхэнэ нэр шиг болсон байна.

-Та МУБИС-ийг төгссөн гэлээ. Мэргэжлээрээ ажиллаж байв уу?

-Багшийн дээдийн монгол хэл, монгол бичиг, уран зохиолын ангийг төгсөж байсан. Манай аав шүлэг зохиох дуртай, уран зохиол талдаа авьяастай мундаг хүн байсан юм. Аав минь монгол хэл, уран зохиолын багш болохыг хүсдэг байсан. Тийм ч учраас тэр талаар надаа зааж сургаж, зөвлөж тусална. Бас би ч гэсэн монгол бичигтээ дуртай байсан болохоор энэ мэргэжлийг сонгосон. Мөн  ээж, аав хоёр минь “Миний охин заавал багш болоорой, чамд яг тохирно” гэж багаас минь хэлж ойлгуулсан. Тэр хүслийг нь биелүүлж багш мэргэжлийг эзэмшсэн. Миний мөрөөдөл бол багш болох биш. Харин мэргэжлийн нүүр будалт хийдэг хүн болохсон гэж битүүхэндээ хүсдэг байж билээ. Их сургуульд сурахын хажуугаар сонирхлоо орхигдуулаагүй.

-Хүн бүр багадаа олон зүйл мөрөөддөг шүү дээ. Таны тэр мөрөөдөл юу байсан бэ?

-Миний бага насны мөрөөдөл жүжигчин, дуучин, бүжигчин гээд л хүүхэд байхдаа маш олон зүйл мөрөөддөг байсан. Гэхдээ ихэнхдээ зурагтаар гардаг, микрофон бариад ярилцлага өгч байгаа юм шиг өөрийгөө төсөөлж тоглодог байлаа. Одоо бодоход олны танил хүн болохыг мөрөөддөг байж дээ.

-Хэзээнээс влог хийж эхэлсэн бэ?

-2016 онд том охиноо төрүүлсэн. Том охиноо Монголд төрүүлээд 2017 онд БНСУ-д амьдрахаар ирсэн. Ирэхийн өмнөхөн манай ээж элэгний хорт хавдраар нас барсан юм. Өмнө нь аялахаар ирж байсан ч, амьдрахаар ирсэн эхэн үедээ хүүхдээ хараад гэртээ байдаг. Нөхөр, хүүхэд минь дэргэд байгаа хэрнээ яагаад ч юм, юу хийхээ мэдэхгүй, ганцаардаад ч байгаа юм шиг нэг тийм сонин мэдрэмж авч байсан.

Ер нь бол дасах гэж эхний зургаан сар өнгөрсөн. Нөхөр маань нэг удаа “Хоёулаа сэтгэл зүйчтэй уулзаж, ярилцаж үзье” гэсэн юм Тэгээд очиж уулзаад өөрийгөө завгүй байлгах нь чухал гэдгийг ойлгосон.  Төд удалгүй бага охин минь бидэнд ирсэн. Том охиноо цэцэрлэгт явуулаад баг охиноо  гэртээ харах хугацаандаа өөрийгөө завгүй байлгаж, үзэл бодлоо хуваалцах зорилготойгоор влог хийж эхэлсэндээ.

-Гэр бүлийг тань влогоор дамжуулан олон хүн мэддэг болсон. Нөхөртэйгөө анх яаж танилцаж байв?

-Манай нөхрийг Чой Кён Сун гэдэг.  Бид 2014 онд Монголд танилцаж байлаа. Нөхөр маань 2012 онд БНСУ-аас Монголд томилолтоор ирж, тухайн үед хамт ажилладаг хүн нь миний сайн найз байж таараад, танилцуулж байлаа. Анх танилцахад гадаад хүн гэж харагдаагүй учраас Солонгос хүн гэдгийг нь мэдээгүй. Эргэн тойрныхоо хүмүүстэй солонгосоор ярих тэр үед л “Аан Солонгос хүн юм байна” гэж мэдсэн. Би булчинлаг, хөрслөг бор төрлийн хүнд татагддаг л даа. Тэгээд нөхрийнхөө гаднах төрх байгаа байдалд шууд татагдсан.

-Гадаад хүнтэй үерхэж байгааг гэр бүл, найзууд нь яаж хүлээж авч байсан бэ?

-Анх үерхэж эхэлж байх тэр үед нээлттэй нийгэм байгаагүй. Мөн Солонгос хүн гэдгээрээ янз бүрийн кинон дээрээ гардгаар төсөөлдөг болоод ч тэр үү миний эргэн тойрны хүмүүс шууд сайнаар хүлээж аваагүй. Мэдээж бага зэргийн эсэргүүцэл байсан.

Айлын бага охин болохоор аав ах маань харамлаж байсан байх. Тэгээд хоёр жилийн хугацаанд нөхөр минь миний дотны хүмүүст хүлээн зөвшөөрөгдөхийн тулд их хичээл зүтгэл гаргаж зөвшөөрөл аваад албан ёсоор нэг гэрт орж байсан юм. Тухайн үед манай гэр Дарханд, би оюутан учраас хотод амьдардаг байсан. Бараг долоо хоног болгоны амралтын өдрүүдээр манайх руу явъя, аав ээжтэй нь уулзъя гэж байнга хэлдэг байсан. Очих болгонд дуртай хүлээж авахгүй ч манай гэрийн ажилд туслах гэх мэт өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх их хичээсэн.

-Ер нь Солонгос болон Монгол соёлын ямар ялгаа байдаг вэ. Тэр ялгаа нь танд хэрхэн мэдрэгдэж байв?

-Анхны хүүхдээ төрүүлээд 2017 онд нүүж ирсэн. Түүнээс хойш надад анзаарагдсан зүйл нь цаг агаар, газар нутгийн байршлаасаа хамаараад архины соёл, хоол идэх нь илүү ялгаатай юм шиг санагдсан. Өдөрт заавал гурван удаа хоол идэх ёстой, зөвхөн будааг хоол гэж хардаг гэх мэт зүйлүүд ажиглагдсан.

-Ээж болсноос хойш хүүхдүүдийнх нь хамгийн тод үлдсэн дурсамжаасаа хуваалцаач?

-Хамгийн анх ээж болоход ээжээсээ л их юм сонсож сурж байсан. Яг тод үлдсэн дурсамж гэвэл нөхөр маань анх тэвэрч байхдаа хүүхдийн толгойг илэхэд зулай нь зөөлөн байсан чинь гайхаад “Эмчид үзүүлэх үү. яах уу ? гэсэн. Их өвдсөн гэж ойлгоод “Ямар эмнэлэгт үзүүлэх үү” гээд л бөөн юм болж байсан. Тэгээд хүүхдийн зулай угийн ийм зөөлөн, нэг нас хүрэхээрээ битүүрдэг гэж тайлбарлаж өгч байсан үе л шууд санаанд орж ирлээ. Энэ үе хөгжилтэй дурсамж болж үлдэж байсан.

 

-Та “Олон улсын Influencer’s festival-д оролцсон байсан…?

-Сүүлийн нэг жилийн туршид Солонгос байгууллагуудтай хамтарч ажиллах явцад инфлүүсэрүүдийн  агент байдаг гэдгийг мэдээд хамтарч ажиллаж эхэлсэн. Агентынхаа тусламжтайгаар “2023 оны  олон улсын Influencer’s festival-д уригдаж оролцсон. Олон орнуудын контент бүтээдэг хүмүүсийг уриад өөрсдийнхөө эх орныг суртчлах арга хэмжээ юм байна лээ. Жил болгон зохиогддогоороо давуу талтай. Анх удаа Монгол улсаас оролцож байгаа болохоор сандралтай, догдлолтой байсан. Надаас илүү хүмүүс тэнд маш их байсан. Тэгээд Монгол хүн ямар байдаг, яаж энэ хүмүүст хүлээн зөвшөөрөгдөх вэ гэдэг тал дээр анхаарсан учраас өөрийгөө цэгнэж сандралттай оролцсон.

 

-Цахимд нийтэлсэн контентын сэтгэгдлийг уншаад хэр хүлээж авдаг вэ?

-Влогоо анх хийж эхэлж байхад  цочирдож хүлээж авсан. Тэр үед влог хийдэг хүн бараг байдаггүй байсан л даа. Тиймдээ ч эхэн үед сөрөг сэтгэгдэл их ирнэ. Сэтгэлээр хурдан унадаг,  нэг сөрөг сэтгэгдэл харвал тэр өдрийн эрч хүч, энерги, гоё сайхан бүхэн байхгүй болж надад их нөлөөлсөн. Гэхдээ контентоо хийгээд явахад дархлаа суучихдаг юм шиг байна лээ. Муулаад байдаг хүмүүс удаан хугацаааны туршид миний контентыг үзээд манай гэр бүл болон бидний влогыг дэмждэг болсон. Тиймээс намайг дэмждэг хүмүүс рүү түлхүү анхаарч сөрөг сэтгэгдлийг тоохоо байсан.

Э.АНХЧИМЭГ

П.ТЭРГЭЛСАРАН