Улсын хэмжээнд төрийн байгууллагуудын 8,100 тээврийн хэрэгсэл цэнхэр дугаартай болжээ
2024/04/26
Төрийн байгууллагын машины улсын дугаарын дэвсгэр өнгийг хөх өнгөтэй болгох ажил өнгөрсөн онд эхэлж байв.
АТҮТ-өөс мэдээлснээр уг ажлын явц 45%-д хүрчээ. Тодруулбал энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэлтэй 8,100 тээврийн хэрэгсэл улсын дугаарын дэвсгэр өнгийг солиулж, цэнхэр болгожээ. Эдгээрээс ачааны машин 1,406, автобус 1,657, суудлын машин 3,413, механизм 290 байна.
ЗТХЯ-наас "Төрийн байгууллагын машинаар дарга нар хүүхдээ сургууль, цэцэрлэгт байнга зөөдөг, баар, ресторан, дарга нарын эхнэр дэлгүүр хэсдэг, хөдөө гадаа зугаалдаг гэх шүүмжлэл байнга ирдэг. Тиймээс төрийн машины улсын дугаарын дэвсгэр өнгийг өөрчилснөөр иргэд үүнд хяналт тавих боломжтой болно.
Цэнхэр өнгөтэй улсын дугаартай машинаар баар, ресторан, дэлгүүр хэсээд, сургууль, цэцэрлэгт хүүхдээ хүргэсэн бол Төрийн хэмнэлтийн хуулиар хариуцлага тооцно. Нэгдүгээр эгнээгээр зорчих давуу эрх олгохгүй" гэж мэдээлж байсан юм.
Монгол Улсын хэмжээнд 1,700 орчим төрийн байгууллага болон төрийн өмчит компанийн 14,000 машин төрд бүртгэгджээ.
Статистик мэдээллээр манай улсад дипломат албаны 487 гаруй машин улаан өнгийн, уул уурхайн 72,000 машин механизмын улсын дугаар хар өнгөтэй байна.
Харин 600 орчим эко буюу цахилгаан машиных ногоон, нийтийн тээврийн 1,560 орчим автобус, 250 орчим такси шар өнгийн дэвсгэртэй улсын дугаартай аж.
Зочин · 2024/04/26
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh