Цонхоор үсрэх гэж байсан 50 гаран насны эрэгтэйг цагдаагийн алба хаагчид аюулгүй буулгаж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ.

Тодруулбал, Өчигдөр /2024.04.25/ 18.00 цагийн орчимд БГД-ийн 5-р хороо 80 дугаар байранд "Гурван давхрын цонхноос хүн үсрэх гээд байна. Байрны урдуур явж байгаа хүүхдүүдийн дээрээс юм чулуудаад байна" гэсэн дуудлага мэдээлэл иржээ.

Тус дүүргийн алба хаагчид яаралтай арга хэмжээ авч 10 минут ярилцлага хийж, эсэн мэнд буулгажээ.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, "Гурван давхраас үсрэх гэж байсан иргэний энэ үйлдэл нь ганц биш олон удаагийн үйлдэл. Тус байрны оршин суугчид өдөр болгон нь л дуудлага мэдээлэл өгдөг. Тухайн иргэний хувьд архины хамааралтай, сэтгэцийн асуудалтай.

Байрныхаа доогуур явж байгаа хүмүүсийн дээрээс сандал, архины шил, хог хаягдал зэргийг шиддэг гэдгийг оршин суугчид хэлж байсан. Бидний зүгээс ямартай ч 5-р хорооны нийгмийн ажилтанд хэлж, ар гэрийн хараа хяналтын асуудал дээр анхааралтай байхыг сануулсан" гэх хариултыг өглөө.