Байр суурь: Намуудын дарга нар СЕХ-нд хүсэлтээ өгөхдөө юу өгүүлэв
2024/04/29
Сонгуулийн ерөнхий хороонд 12 нам, нэг эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өгөөд байна.
Одоогоор ХҮН нам /ХҮН/, Монголын Либерал нам /МЛН/, Монголын Либерал Ардчилсан нам /МоЛАН/, Иргэний хөдөлгөөний нам /ИХН/, Ардчилал шинэчлэлийн нам, Гэр хороолол хөгжлийн нам /ГХХН/, Эх орончдын нэгдсэн нам /ЭОНН/, Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам /ИОНН/, Үндэсний эвсэл /МНН-МҮАН/, Их эв нам /ИЭН/, Иргэний зориг ногоон нам /ИЗНН/, Ард түмний олонхийн засаглал нам /АТОЗН/, Бүгд найрамдах нам /БНН/-ын удирдлагууд УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ өгөөд байна. Тодруулбал, 12 нас, нэг эвсэл УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох хүсэлтээ албан ёсоор өгөөд байгаа нь энэ юм.
Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 22 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн баримт бичгийг хүлээн авч, нягтлан шалгаад Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанд танилцуулах юм. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт зааснаар Сонгуулийн ерөнхий хороо баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана.
МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй тус намын удирдлагууд хүсэлтээ илэрхийлсэн юм. Тус нам хүний эрхийг дээдлэн, иргэн хүндээ ээлтэй, хувь хүн бүрт сонголтыг бий болгох замаар сурах, хөдөлмөрлөх, ая тухтай амьдрах боломжийг баталгаажуулсан.
Хот хөдөөгийн ялгаатай байдлыг бууруулан, амьдралын чанарыг бодитой дээшлүүлж, иргэдийн оролцоотой хяналтаар төрийн ил тод байдлыг сайжруулах. Авлигагүй, шударга, эрх зүйт төрийг бэхжүүлэн, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрхэмлэсэн эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэх мөрийн хөтөлбөрийг боловсруулсан байна.
АН-ын дарга Лу.Гантөмөр: Гурван зүйлийг хэлмээр байна. Энэ удаагийн сонгууль урд хожид болоогүй хар PR-ийн сонгууль болох шинжтэй боллоо. Их хурлын сонгууль гэдэг дөрвөн жилийн хугацаанд юу хийсэн бэ гэдгээ тайлагнадаг, гишүүн болохоор явж байгаа хүмүүс нь юу хийх вэ гэдгээ илэрхийлдэг учир жанцантай. Харамсалтай нь хэн нэгнийгээ муулдаг, нэгнийгээ газрын гав руу чихсэн хар сонгууль болох дүр зураг байна. Тийм учраас АН бусад улстөрийн хүчнүүдэд уриалж байгаа юм. Шударгаар өрсөлдөе, эрүүл саруул улстөрийг авчрахын төлөө шударга байя гэж уриалж байгаа. Хэдий бид хүч мөхөсдөх ч Монголын ард түмэн минь хэрсүү байгаарай. Ирж байгаа төрийг сонгож байгаа тул анхааралтай байгаарай.
Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар: Манай нам УИХ-ын ээлжит сонгуульд оролцохоор шаардлагатай холбогдох материал хүсэлтээ СЕХ-нд бүртгүүллээ. Сүүлийн өдрүүдэд нөхдүүд үгийн сангаа өөрчилсөн боловч угийн зан нь хэвээрээ сонгуульдаа оролцох гээд явж байна. Ард түмэн дээрээ очихоор хуурах гоё үгээ хэлж байгаа боловч угийн хулгайч зан нь хэвээрээ сонгуулийн бэлтгэл ажил руугаа явж байна. 3,5 сая төгрөгийн цалин буюу дөрвөн жилийн хугацаанд 150 сая төгрөг авах гэж байгаа нөхдүүд орон нутагт иргэдийн тархийг тэрбум төгрөгөөр угааж байна.Тэд тэрбумыг цацчихаад сонгуулийн дараа ард түмнийг бодох уу, мөнгөө бодох уу. Маш энгийн асуултыг ард түмэн өөрөөсөө асуух хэрэгтэй. Хулгайчууд Монголын төрийг ашиг хийх байгууллага бүлэглэл гэж харж байна. Өнөөдөр тэрбум төгрөг цацаад орчихож болно гэж ойлгож байна. Ардын нам, АН-ын хэсгийн ахлагч нар иргэдийн тархийг угаасаар байна. 30 жилийн гунигт түүхүүд ард үлдсэн байхад одоо манай намын дарга нар дахиж хулга хийхгүй, одоо Монголыг өөрчилнө гэж хуурч мэхэлсээр байна.
Дараагийн нэг асуудал гэвэл нэр нүүрээ барчихсан хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй юм байна. Сайн хэрэг. Нэр нүүрээ барсан нөхдүүдийн гар хөлийг битгий дэвшүүлээчээ. Тэд өөрсдийнхөө гар хөл болсон төрийн албанд ажилласан хурган дарга нар, гадаадад сургууль төгсөж ирсэн нөхдүүдийг нэр дэвшүүлж, дахиад иргэдийг хуурах гэж байна.
Үнэн ба зөв нам энэ удаагийн сонгуульд орохдоо бид Монголын төрд хяналт тогтоодог хүчтэй сөрөг хүчин болно гэж орж байна. МАНАН бүлэглэлийн 30 жил явлаа, нэг нэгнээ хянадаггүй, амлалтаа биелүүлдэггүй. Тэгвэл бид энэ удаагийн парламентад орж ирвэл энэ гунигт байдлаас нь салгаж чадна. Ард түмний итгэл эр зориг болж парламентад тэмцэл өрнүүлнэ. Энэ хоёр намын хийж хэрэгжүүлээгүй ажлыг нь яг нэг зарчмаар шаардаж, амлалт нэхнэ. Зарим бүлэглэл бидний дэвшүүлж байгаа хүмүүсийг тойрог дээр унагах юм гэнэлээ гээд эхнээсээ захиалга аваад санал хуваах зорилготой бидэнтэй ижил нэртэй хүмүүсийг нэр дэвшүүлэх ажил хийгээд явж байна. Тэд үнэнээсээ айж болно. Үнэнээс айж байгаа боловч үр хүүхдээ ийм нийгэмд үлдээж байгаадаа айхгүй байгаа нь эмгэнэл шүү.
Сүүлийн өдрүүдэд манай нийгэмд гарч байгаа хэргүүд хамгийн сүүлд гэхэд олон нийтийн төлөө тэмцэж явсан хуульчийн амиа алдсан хэрэг бүхнийг харахад эд нар сонгуулиар мөнгөөр тахидаг байсан бол сүүлдээ хүний амиар тахидаг болох нь ээ. Тийм учраас Үнэн ба зөв нам бол ядарсан иргэдийн итгэл найдвар болж чадна. Залуучууд маань эх орондоо хүн шиг амьдаръя, улс шиг хөгжье, уул усаа ухуулахгүй бүтнээр авч үлдэхийн төлөө ард түмэнтэйгээ тэмцэж чаддаг хүмүүс энэ намаас нэр дэвшинэ. Тиймээс бид ард түмэндээ найдаж сонгуулийг хийнэ. Мөнгөнд найдахгүй.
Ард иргэдтэй уулзахаар "Энэ удаагийн сонгууль мөнгөөр дийлэх байх. Мөнгөтэй хүн гарна даа" гэж ярьж байна. Тэд мөнгөтэй сонгуулиас айж байна. Бид үр хүүхэддээ ийм нийгэм үлдээхгүй. Магадгүй иргэдийг саналаа худалдахгүй байх гэдэгт найдаж байгаа шүү. Улиг болсон улстөрийг өөрчилсөн сонгууль болно. Миний Монгол мөнх бадрах болтугай.
ХҮН-ын дарга Т.Доржханд: Нэр бүхий долоон намын төлөөлөл нэгдээд СЕХ-нд шаардлага хүргүүлж байна. Шаардлага нь үндсэн хоёр агуулгатай. Энэ удаад сүүлийн 30 жилийн хугацаанд өрнөөгүй онцлогтой сонгууль болно. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд парламентын 126 гишүүнийг сонгоно. Тодруулбал нэг тойргоос 78 гишүүнийг сонгоно. Харин жагсаалтаар буюу намын нэр дугуйлах байдлаар 48 гишүүнийг сонгох учиртай. Үр дүнд нь Монгол Улсад олон тооны солонгорсон парламент үүсэх хүлээлттэй байгаа. Нэг нам хязгааргүй эрхтэй бус, олон сөрөг хүчин бий болно.
Ингэснээр эргээд Засгийн газарт хяналт тавьж, хоорондоо бодлогын мэтгэлцээн өрнүүлж чадахуйц эрүүл, амьд парламент үүснэ. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд СЕХ-ноос зайлшгүй анхаарах ёстой асуудлууд байна. Зургаадугаар сарын 28-нд сонгууль зохион байгуулагдах үед саналын хуудасны асуудал давхар яригдана. Саналын хуудас нь хоёр тусдаа байх ёстой хэмээн үзэж байна. Өөрөөр хэлбэл 78 тойргоос нэр дэвшигч нар нэг хуудас дээр тусдаа, жагсаалтаар нэр дэвших хүмүүс нь өөр хуудас дээр тусдаа 48 нэр бүхий жагсаалт байх. Хэрэв саналын хуудас хүчингүй болсон тохиолдолд, нэг хуудсан дээр аль алиныг нь тэмдэглэсэн тохиолдолд жагсаалт хүчингүй болох магадлалтай.
Зочин · 2024/04/30
ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮРЭЛСҮХ МОНГОЛОО АВРАХЫН ТУЛД НЭР ЦЭВЭР ОЮУН-ЭРДЭНЭ ГАРГАЖ ИРЖ ЕРӨНХИЙ САЙД БОЛГОСОН НЬ ИХ ЗӨВ АЛХАМ, ЗӨВ ЗАМ БОЛЖ БАЙНА. ӨӨР НӨХДҮҮД БОЛ ЯМАР НЭГЭН ЗҮЙЛД ЯМАР НЭГЭН СЭЖМЭЭР ХОЛБОГДОЖ ТӨМСӨГДҮҮЛСЭН БАЙГАА. ХУУЧИН КАДРУУД ЗАМД НЬ ТЭЭГЭЛВЭЛ УЛС ТӨР БИЗНЕСИЙН ТААТАЙ НӨХЦЛӨӨСӨӨ ШУУД САЛНА. АЯТРАЙХАН ХҮН ГАРГАСАН ТУЛ ДЭМЖИЖ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ:. ИХ ЗҮЙЛ ХИЙЖ БАЙНА. ЕРӨНХИЙ САЙДДАА АМЖИЛТ ХҮСЬЕ.
Зочин · 2024/04/29
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh