"СОЁЛЫН СЭРГЭЛТ-2024" АЯН ЭХЭЛЛЭЭ
2024/04/13
Өнгөрсөн онд улс орон даяар амжилттай зохион байгуулагдсан "Соёлын сэргэлт аян" энэ жил нийслэл Улаанбаатар хотоос эхэллээ.
Энэ удаагийн "Соёлын сэргэлт 2024" аяныг "Соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдын зөвлөгөөн"-өөр эхэлсэн бөгөөд соёлын биет бус өвийн 7 ай савд багтах 300 өвлөн уламжлагчид оролцлоо.
Соёлын биет бус өв бол хүний оюун санаагаар дамжиж уламжлагддаг эмзэг бөгөөд үнэт зүйл. Иймээс энэхүү нандин өвийг хамгаалах нэгдмэл зорилго, нийтлэг үнэт зүйлтэй хүмүүсийн харилцаа холбооны үндэсний сүлжээг бэхжүүлж, тэдний оролцоотой тогтвортой байдлыг хангах явдал чухал байдаг.
Ялангуяа өвийн үнэт хэв шинжийг олон түмэнд ойлгуулж, үнэ цэнтэй болохыг тайлбарлаж мэдүүлэх нь иргэдэд соёлын биет бус өвд хүндэтгэлтэй хандах үзэл санааг төлөвшүүлж, улмаар өвлөн уламжлах сонирхлыг бий болгодог. Энэ бол соёлын биет бус өвийн оршин тогтнох чадварыг хадгалж үлдээх томоохон хөшүүрэг юм.
Иймд соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдыг бүртгэлжүүлж, биет бус өвөө түгээн дэлгэрүүлэх, шавь сургалт явуулах боломжийг дэмжих асуудал болоод соёлын өвийг хадгалах, хамгаалах, хөгжүүлэх бодлогоо танилцууллаа.