УИХ-ын сонгууль-2024 ирэх зургадугаар сарын 28-нд болно. Хоёр сар хүрэхгүй хугацааны дараа болох сонгуульд МАН-аас тойрог болон жагсаалтад багтахаар горилж буй эмэгтэйчүүдийн хэн нь хэн болохыг энэ удаад онцолъё.

МАН-аас Их хуралд горилж буй эмэгтэйчүүд тойргоо тордож яваа. Одоогийн парламентад суугаа эмэгтэйчүүдийн олонх нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын төлөөллүүд гэдгийг уншигч та хэдийнээ мэдэж буй. Тэгвэл ирэх сонгуульд Харвардын гэх тодотголтой хуульч эмэгтэйчүүдээр бүл нэмэхээр зэхэж байгаа мэдээ чих дэлсэв. 

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ДЭД САЙД Б.СОЛОНГО

Б.Солонго нь Улаанбаатар хотын уугуул. 2024 оны сонгуульд Хан-Уул дүүргээс их хуралд гарахаар төлөвлөж буй.

  • 2007 онд Унгар Улсын Өөтвөш Лорандын шинжлэх ухааны их сургуулийн хууль зүй, улс төрийн шинжлэх ухааны сургууль
  • 2010 онд Их Британийн Дандийгийн их сургууль
  • 2015 онд АНУ-ын Харвардын хуулийн сургуулийг төгссөн 
  • Эрх зүйч мэргэжилтэй, англи, унгар хэлтэй.

Ажлын туршлага:

  • 2011-2017 онд "Хоган Ловеллс" олон улсын хуулийн фирмд хуульч, олон улсын ахлах хуульч
  • 2017 оноос  "Авинекс партнерс" өмгөөллийн компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ.
  • ЗГХЭГ-т дэд даргаар ажиллаж байхдаа "Рио Тинто" компанитай холбоотой асуудлаар "Оюутолгой" ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байсан.

Засгийн газраас санаачилсан “5Ш” ажиллагааны “Шүгэл” ажиллагаанд хотын дарга Х.Нямбаатартай хоршиж ажилласан хүний нэг. Б.Солонгоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Харвардын найз. Тэд 2015 онд Харвардын их сургуулийг хамт төгссөн. Улмаар 2020 онд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга байхдаа Б.Солонгоог ЗГХЭГ-ын дэд даргаар томилж, дэргэдээ авсан байдаг. Харин Ерөнхий сайд болсныхоо дараа Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар томилсон.

ХОТЫН ОРЛОГЧ АСАН Н.БАЯРЧИМЭГ

Хотын дарга асан Д.Сумъяабазарын хоёрдугаар орлогчоор ажиллаж байсан НИТХ-ын хурлын төлөөлөгч Н.Баярчимэг Сонгинохайрхан дүүрэгт горилж байгаа бололтой. Тэр Дорноговь аймагт төрсөн. 

  • Нийслэлийн Хүмүүн цогцолбор сургуульд суралцаж, МУИС-д хууль зүйн чиглэлээр баклаврын зэрэг хамгаалсан.
  • АНУ-ын Калифорни мужийн Пэсифис Стэйтс Их сургуульд бизнесийн удирдлагаар суралцаж, МУИС-д мэргэжил дээшлүүлсэн.

Ажлын туршлага:

  •  2002–2003 онд Розенблатт Ассосэйтс Канадын хуулийн фирмийн Монгол дахь төлөөлөгчийн газар, эрх зүйн зохицуулалт хариуцсан менежер
  • 2003–2006 онд Мобиком корпораци ХХК, мэргэжилтэн, салбарын захирал
  • 2016–2017 онд Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар, Концесс, төр хувийн хэвшлийн түншлэлийн албаны мэргэжилтэн, Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын хэлтсийн дарга
  • 2017 – 2018 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, мэргэжилтэн, Хуулийн хэлтсийн дарга
  • 2018–2020 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК, Хууль зүйн газар хариуцсан дэд захирлаар ажиллаж байжээ.

Н.Баярчимэг нь Д.Сумъяабазар, Д.Дагвадорж нарын эзэмшдэг “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-нд 2011 онд хуульчаар ажилд орж, 2016 он хүртэл ахлах хуульч, хэлтсийн дарга болтлоо ажилласан. Улмаар 2016-2017 онд Үндэсний хөгжлийн газрын хуулийн хэлтсийн даргаар ажилласан байдаг. .Баярчимэг 2017 оны аравдугаар сард Д.Сумъяабазарыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилогдоход тус яамны Хуулийн хэлтсийн даргаар нь томилогдож, мөн л дагаж явсан. УУХҮЯ-ны Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад хоёр жил орчмын дараа буюу 2018 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн дэд захирал болсон.  Ахиад жилийн дараа буюу 2019 оны долдугаар сард Засгийн Газраас тогтоол гарч “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн охин компани болох “Эрдэнэс тавантолгой майнинг” ХК-ийг байгуулахад мөн л дэд захирал нь болсон байдаг. Тухайн үед үед “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан ажиллаж байлаа.  Н.Баярчимэг “Эрдэнэс тавантолгой майнинг” ХК-ийн дэд захирлаар жил орчим ажиллаад Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн орлогч болсон. Сонгинохайрхан бол Д.Сумъяабазарын тойрог, Ж.Сандагсүрэн бол Д.Сумъяабазарын “туслах” байсан, цэвэр түүний хүн. Ингээд Ж.Сандагсүрэнгийн орлогчоор ажиллаж байгаад СХД-ээс НИТХ-ын төлөөлөгч болон дэвшиж, Д.Сумъяабазарын орлогч болж албан ёсоор дэргэд нь ирсэн.

“ЭРДЭНЭТ”-ИЙН ЭЗЭГТЭЙ Д.ҮҮРИЙНТУЯА

  • 1982 онд Төв аймгийн 2003 онд Хөдөө, аж ахуйн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй
  •  2009 онд Удирдлагын академийг удирдлагын менежер мэргэжлээр тус тус төгсөж, 2007 онд Хөдөө, аж ахуйн их сургуулийн бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.
  • 2013 оноос мөн сургуулийн докторантурт суралцаж байсан. Мэргэшсэн нягтлан бодогч, татварын мэргэшсэн зөвлөх.
  • 2005 онд Сангийн яамны санхүүгийн тайлагналын олон улсын стандарт 
  • 2005, 2006 онд Дэлхийн банкны “Төсвийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийг чадавхжуулах” төсөлд улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт 
  • 2017 онд Компанийн засаглалын
  • 2018 онд Австрали Улсын Сидней хотод нягтлан бодох бүртгэлийн сургалтад тус тус хамрагдан мэргэжил дээшлүүлсэн.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ О.НОМИНЧИМЭГ 

Хотын дарга Х.Нямбаатар хоёрдугаар орлогч О.Номинчимэгийг Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт сойж байгаа гэв. Түүний хувьд УИХ-ын дарга Г.Занданшатарын хуулий асуудал хариуцсан зөвлөхөөр томилогдож, улс төрийн гараагаа эхлүүлсэн ч хотын дарга Х.Нямбаатартай “Оюу толгой”-н төсөл дээр хамтран зүтгэж баг болсон. Харин Х.Нямбаатар сайдын суудлаас бууж, хотын даргаар очиход өөрийн багтаа авч, хоёрдугаар орлогчоороо томилон ажилуулж байгаа билээ. Хотын даргын орлогчоор томилогдсоноос хойш  Чингэлтэй, Сүхбаатарын тойргийг тордож эхэлсэн.

Тэрбээр Говь-Алтайн гаралтай ч хотын дүүрэгт хүч үзэх нь ээ.  Клубын болон Токиогийн их сургуульд мэргэжил дээшлүүлсэн. Хуульч мэргэжилтэй тэрбээр хуулийн фирмд багшаар ажиллаж байсан.

Сонирхуулахад, Хотын орлогч О.Номинчимэгийн дүү О.Оргилмаа нь Монголбанканд Ахлах хянан шалгагч, нөхөр Д.Амарбаясгалангийнх нь дүү Д.Амармэнд Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Газрын кадастрын мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн гэх мэтээр гэр бүлээрээ төрд ажилладаг юм байна.

ОЮУТОЛГОЙН ТУЗ-ЫН ГИШҮҮН Ж.ТАНА

Элчин сайд асан Ц.Жамбалдоржийн охин Тана УИХ-ын сонгуульд МАН-ын жагсаалтад багтах улстөрчдийн нэг гэгдээд буй. Оюу толгойн ТУЗ-д 13 жил суусан Ерөнхийлөгч асан Н.Багабандийн оронд Ж.Таныг томилсон нь олны анхаарал татаж байлаа. Ж.Тана нь АНУ-ын Юта мужийн "Васач Академи" бүрэн дунд сургуулийг дүүргэж, Харвардын их сургуулийг эдийн засаг, Зүүн Ази судлалаар бакалаврын зэрэгтэй төгссөн. Ж.Тана нь 2017 оноос хойш таван жилийн хугацаанд Маккинзи компанид ажиллахдаа байгалийн баялаг, уул уурхайн салбарын компаниудад төсөл хэрэгжүүлэх багууд удирдаж байсан. Түүнчлэн уул уурхай, эрдэс баялгийн чиглэлээр засаглал, төслийн удирдлага болон стратегийн чиглэлээр ажилласан арвин туршлагатай.
Тэрээр Английн Оксфордын их сургуулийн Бизнесийн удирдлагын магистр, Америкийн нэгдсэн улсын Харвардын их сургуулийн Эдийн засгийн бакалавр зэрэгтэй. Мөн 2013 онд Австралийн Күйнслэндийн Их Сургуульд Эрдэс баялгийн мэргэшүүлэх сургалтад хамрагдаж, байгаль орчны чиглэлээр мэргэшиж төгссөн.

Мөн дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх Глобал Шэйпэрс нийгэмлэгийн нэрэмжит тэтгэлгийг хүртэж, Оксфордын их сургуульд бизнесийн удирдлагын магистраар суралцаад Рио Тинто компанийн Австрали дахь салбар болон Монголын Оюу Толгой компанид ажиллаж байсан намтартай. “Эрдэнэс Монгол” ХК-ийн тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан. Түүний ажлын түүх аавынх нь эрхэлж байсан ажлуудтай салшгүй холбоотой.

Жишээ нь, Ц.Жамбалдорж 2001 онд АНУ-ын Вашингтон дахь ЭСЯ-нд зөвлөхөөр томилогдож 2007 он хүртэл ажиллаж үед Ж.Тана тэнд дунд сургуулиа төгссөн. Ц.Жамбалдорж 2009-2013 онд Австрали улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдож ажиллах хугацаанд Ж.Танын “Рио Тинто”-гийн Австрали дахь салбарт шинжээч байсан гэх мэтээр үргэлжилнэ. Өдгөө Элчин сайд асан Ц.Жамбалдорж нь УИХ-ын Г.Занданшатарын шууд удирдлага дор хэлтсийн даргаар ажиллаж байна.