Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. 

Өнөөдрийн хуралдаанаар "Үндэсний баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолыг баталжээ. 

Баялгийн сан дахь хуримтлалын санд төрийн өмчийн орд, газруудын 34 хувьд ногдох ногдол ашгийг төвлөрүүлснээр 1.2 их наяд төгрөгийг орон сууцны зээлд гаргах боломж бүрдэж байгааг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа хэллээ. 

Мөн 

 

  •  "Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл шалгаруулах журам" "Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай"
  • Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт харилцааг бэхжүүлэх, хамтын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг сайжруулах хуралдааны дүнгийн талаар
  • "Багшийн гурван тулгуурт бодлого" цогц арга хэмжээ батлах тухай" Засгийн газрын тогтоолын төсөл
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл зэрэг 33 асуудлыг хэлэлцэж, танилцжээ. 

Сангийн сайд С.Жавхлан "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар түүхэн тогтоол батлагдлаа. Энэ тогтоол батлагдсаар монголчууд уул уурхайн баялагтаа эзэн байх нь хэрэгжиж эхэлж байна гэсэн үг. Монгол улсын Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсан. Уг хуулийг хэрэгжүүлэх тогтоолыг эцэслэн баталлаа. Үндэсний баялгийн сан нь гурван сангаас бүрдэж байгаа.

  • Нэгдүгээрт, Ирээдүйн сан- Энэ нь ирээдүйдээ зориулж хадгалж, өсгөж арвижуулах зорилготой.
  • Хоёрдугаарт, Хуримтлалын сан- Өнөө үед ашиглаж, зарцуулах зорилготой. Үүнийг эрүүл мэнд, орон сууц, боловсролын чиглэлд ашиглана.
  • Гуравдугаарт, Хөгжлийн сан буюу дунд хугацааны хөгжлийн төсөл, хөтөлбөрт хөрөнгө оруулна" гэлээ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Хуримтлалын нэгдсэн сангийн орлогын эх үүсвэрээр ипотекийн зээлийн боломжийг нэмэгдүүлэх шийдвэр өнөөдөр гарлаа. Өмнө нь жилд 750 орчим тэрбум төгрөг ипотекийн зээлд зарцуулж байсан, орлогын эх үүсвэр хангалтгүй байсан. Хуримтлалын нэгдсэн сангаас 500 тэрбум төгрөг нэмснээр орон сууцны ипотекийн зээлийн квот арилж, зээлийн хүртээмж нэмэгдэж байна. 

Зээлийн хүсэлтээ өгөөд шаардлага хангасан иргэн бүр орон сууцны зээлд хамрагдах боломж бүрдэж байна. Хоёрдугаарт, Хуримтлалын нэгдсэн сангийн хууль батлагдсанаар иргэн бүрийн нэр дээр ирэх 7 хоногоос данс нээгдэнэ.