Засгийн газрын хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоолыг баталсан. Баялгийн сан нь гурван сангаас бүрдэнэ. Ирээдүйн өв сан нь Баялгийн сангийн ирээдүйдээ зориулж хадгалан арвижуулж, баяжуулах бол Хөгжлийн сан нь дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрт орсон төслүүдийг санхүүжүүлнэ. Хуримтлалын сангаас өнөө үед зарцуулах боломжтой сан бөгөөд эрүүл мэнд, боловсрол, орон сууцны чиглэлээр ашиглана гэж Засгийн газрын гишүүд мэдэгдсэн

Тэгвэл Хуримтлалын сангаас иргэдийн ипотекийн зээлийг санхүүжүүлэхээр болсон. Цар тахал, эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор ипотекийн зээл удааширч, улмаар зогссон гэж хэлэхэд болно. Тиймээс санхүүжилтийг нь шийдсэнээр иргэдийн орон сууцны худалдан авалтыг дэмжих боломжтой гэж үзжээ. Санхүүжилтийн эх үүсвэрийн хувьд “Эрдэнэс Монгол” компани дээр байгаа төрийн өмчит компаниудын 34 хувийн ногдол ашиг буюу 2023 оны 500 тэрбум төгрөгийг Хуримтлалын санд төвлөрүүлнэ гэнэ. Үүн дээр Төв банкны эх үүсвэрээр 500 тэрбум төгрөг, эргэн төлөлтөөс 200 тэрбум төгрөг орж ирэх аж. Ингэснээр ипотекийн зээлийн эх үүсвэр 1.2 их наяд төгрөгт хүрэх юм байна.

Энэхүү эх үүсвэр нь 10 мянган айл өрхийг орон сууцаар хангах тооцоолол болохыг албаны хүмүүс мэдэгдсэн. Энэ тухай ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Өмнө нь 750 орчим тэрбум төгрөг ипотекийн зээлд зарцуулагдаж байсан. Эх үүсвэр хангалтгүй байсан учраас ипотекийн зээл квоттой олгогдож ирсэн. Тэгвэл Хуримтлалын сангаас 500 тэрбум төгрөг нэмэгдэж орсноор ипотекийн зээлийн квот арилж байна. Зээлийн хүсэлтээ өгөөд, шаардлагыг нь хангаж байгаа иргэн бүр ипотекийн зээлд хамрагдах нөхцөл нь бүрдэж байна” гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээл авах шаардлага хангаж байгаа иргэн бүр орон сууцтай болох боломжтой, квот тавигдахгүй гэсэн үг аж.

Тэгвэл ипотекийн зээлд хамрагдах шаардлагад юуг чухалчилдаг вэ. Монголын ипотекийн корпорациас хамгийн сүүлд гаргасан ипотекийн зээлд тавигдах шаардлагыг танилцуулж байна.

Зээлд тавигдах шалгуур:

  • Орон сууцны ипотекийн зээлийн хугацаа 360 хүртэлх сар;
  • Орон сууцны ипотекийн зээлийн хүү жилийн 6 хувь;
  • Зээлийн зориулалт нь орон сууц худалдан авах;
  • Урьдчилгаа төлбөр 30 хувиас доошгүй, зээл үнэлгээний харьцаа (ЗҮХ) 70 хувиас дээшгүй;
  • Өрхийн өр, орлогын харьцаа (ӨОХ) татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгүй;
  • Худалдан авах нийтийн зориулалттай орон сууцны талбайн хэмжээ 80мк-аас ихгүй;
  • Зээлийн урьдчилан төлөлт хийх боломжтой байх (гэрээнд тусгаснаар);
  • Бүрэн хорогдох, тогтмол хүүтэй;
  • Барьцааны зүйл нь “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ын 2.6-д заасан шаардлагыг хангасан;
  • Монголбанкнаас арилжааны банкуудад хуваарилсан эх үүсвэрээр нэг зээлдэгчид олгох хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны зээлийн хэмжээ 100 сая төгрөгөөс хэтрэхгүй байх.

Зээлдэгчид тавих шалгуур:

  • Монгол Улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай;
  • Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй;
  • Үндсэн болон хамтран зээлдэгч нь Банк, санхүүгийн байгууллагад Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн өрийн үлдэгдэлгүй;
  • Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөргүй байх (Хүүхдийн тэтгэмжийн өр төлбөрөөс бусад байдлаар);
  • Зээлийн хугацаа дуустал амь насны болон эд хөрөнгийн даатгалд хамрагдах;
  • Барьцаалбар үйлдэх;

Барьцаа хөрөнгөд тавих шалгуур:

  • Монгол Улсад байршилтай нийтийн зориулалттай болон амины орон сууц;
  • Шинээр ашиглалтад оруулсан орон сууцны хувьд инженерийн дэд бүтэц (цахилгаан, дулаан, ус, ариутгах татуурга, холбоо дохиолол)-д бүрэн холбогдсон, эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтад хүлээн авсан орон сууц;
  • Ашиглагдаж байгаа орон сууцны хувьд инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон, барилгын техникийн хяналт хэрэгжүүлэгч байгууллагын шийдвэрээр ашиглахыг хориглоогүй байх;
  • Амины орон сууц нь аймаг, сумын төвийн батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, орон сууцны хотхон, хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 21 аймгийн нутаг дэвсгэрт баригдсан, орон сууцны бүх хэсэг нь бие даасан ханаар хүрээлэгдсэн, тусдаа газарт баригдсан, орон сууцны зориулалттай сууц байх;
  • Амины орон сууцны хувьд дэд бүтэц (цахилгаан, дулаан, ус, ариутгах татуурга)-ийн шийдэл бүхий эрх бүхий байгууллагын шийдвэрээр байнгын ашиглалтад шинээр оруулсан, эсхүл барилгын техникийн хяналт хэрэгжүүлэгч байгууллагын шийдвэрээр ашиглахыг хориглоогүй ашиглалтад байгаа орон сууц байх;
  • Амины орон сууцны газрыг өмчлөх, эзэмших эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн байх бөгөөд эзэмших эрхийн хугацаа нь зээлийн хугацаанаас богиногүй байх;
  • Эд хөрөнгө өмчлөх эрхийн талаар гуравдагч этгээдэд шаардах эрх үүсээгүй байхыг шаарддаг ажээ.

 

 

Б.ЭНХЗАЯА

ӨДРИЙН СОНИН