Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа нээлттэй, хаалттай хорих 413 дугаар ангид өчигдөр 50 гаруй насны хоригдол нас барсан хэрэг гарчээ.

Тодруулбал, тухайн хоригдол 15 хоног сахилгын өрөөнд хоригдож байсан ажээ. Тэр өрөө нь хааш хаашаа 2х2 метр. Ямар ч унтаж амрах боломжгүй. Хоол унд маш муу. Өдөртөө нэг усан шөл өгвөл өгнө, бусад үед нь хар цай л оруулдаг. Хоригдлыг эрүүдэн шүүсэн байх магадлалтай. Тиймээс шархаа даалгүй нас барсан байх магадлалтай гэх мэдээлэл цацагдсан юм. 

Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Х.Баясгалангаас тодруулахад, "Тухайн хоригдол зүрхний архаг дутагдал гэсэн оноштойгоор сумынхаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан. Уг хэргийг одоо цагдаагийн байгууллага шалгаж байна. Урьдчилсан байдлаар зүрхний архаг суурь өвчний улмаас нас барсан гэсэн дүгнэлт гарсан. Эцсийн дүгнэлт хараахан гараагүй байна.

Тус хоригдол нь хорих ял эдлэх хугацаандаа сахилгын шийтгэл авч байгаагүй тул сахилгын байранд ороогүй. Мөн биеийн эрүүл мэндийн байдлаасаа шалтгаалж, Хорихын нэгдсэн эмнэлэгт 20 удаа хэвтэн эмчлүүлсэн. Уг хоригдлын тухайд хорих ангид ирэхдээ артерийн даралт ихсэлт, 3 дугаар зэрэг эрсдэл өндөр, зүрхний архаг дутагдал оноштой байсан. Хорихын нэгдсэн эмнэлэг болон тухайн хоригдож байсан ангийнхаа эмчийн байнгын хяналтад байж, эмнэлгийн тусламж үйлчилгээг тогтмол авдаг байсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан зүйл ангиар /бага насны хүүхэд хүчирхийлсэн/ 12 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Үүнээс эдлэх ёстой ялынхаа 50 хувийг эдлээд байсан" гэлээ.