Засгийн газрын өнөөдрийн /2024.05.08/ хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар /ХБХХЕГ/ -ын даргаар М.Маргад-Эрдэнийг томиллоо. М.Маргад-Эрдэнэ нь тус агентлагийн Тамгын газарт Хуулийн хэрэгжилт, гэрээ конвенц хариуцсан мэргэжилтнээр 2018 оноос ажиллаж байна.

Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулж, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн /ХБИ/ төрийн албанд дэвших, ажиллах боломж бололцоог нээж өгөх хуулийн зохицуулалт хийсэн. Төрийн албанд нийтдээ  4500 орчим ХБИ ажилладаг ч төрийн захиргааны албанд 10 хувь нь ажилладаг, цааш удирдах албан тушаалд дэвшиж ажиллах боломж байдаггүй. Төрийн албаны шалгалт өгөхөд тохируулга хийгээгүй байсан. Иймээс хуулийн дагуу шалгалт өгөх боломж бололцоог нээж, босгыг нь хоёр дахин бууруулж өгсөн. Ингэснээр дээд боловсролтой ХБИ төрийн албанд ахиж дэвших боломжтой болгосон.

Таван аймагт ХБИ-ний төв байгуулсан. Мөн таван аймаг болон нийслэлд ХБИ-ний төв байгуулагдаж байна. Улсын хэмжээнд 110 мянган ХБИ бий. Тэд халамжаас илүү хөдөлмөр эрхлэх, нийгмийн бүхий л үйлчилгээг асуудалгүй авах шаардлага байна гэдгээ илэрхийлж ирсэн.  Тийм учраас асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж байна.

Улсын хэмжээнд 60 мянган байнгын асаргаа үзүүлдэг иргэд бий. Тэдэнд сар бүр 80,000-123,000 төгрөгийн асаргааны тэтгэмж олгодог байсан. Үүнийг өнгөрсөн жил нэмэгдүүлж 275 мянган төгрөг болгосон байсныг 10 хувиар нэмэгдүүлсэн. Мөн гэр бүлийнхээ нэгэнд байнгын асаргаа үзүүлдэг эдгээр иргэдийн Нийгмийн даатгалын шимтгэл/НДШ/-ийг 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн төрөөс дааж эхэлсэн.  Байнга нэг хүн асархаар ажил хийх боломжгүйгээс өрхийн орлого нь мууддаг, НДШ-ээ  төлөх боломжгүй явсаар байгаад тэтгэврийн насанд хүрдэг.

Ерөнхий сайдын зүгээс УИХ-ын энэ удаагийн сонгуульд ХБИ-ийг намын листээр нэр дэвшүүлнэ гэдэг амлалтыг өгсөн. Ардчилсан нам бас энэ санаачлагыг дэмжиж ажиллаж байна. Иймээс шинэ парламентад намын листээр хөгжлийн бэрхшээлтэй хоёр хүн орж ирэх болов уу гэж харж байна" гэлээ.