Монголын үндэсний бөхийн холбооны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал тавдугаар сарын 6-ны өдөр болжээ. Хурлаар 2024 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр болсон Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 100 жилийн ойн барилдааны  үеэр Ховд аймгийн Мөст сумын харьяат, аймгийн арслан Ц.Адъяа, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, сумын заан А.Амархүү нарын гаргасан ёс зүйн зөрчлийг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. 

Шийдвэрт: 

  • Ц.Адъяа нь гаргасан зөрчлөө ухамсарлаж, дахин зөрчил гаргахгүй талаараа амлалт, хүсэлт гаргасныг харгалзан үзэж, “Ёс зүйн дүрэм”-ийн 7-р зүйлийн 7.1.4-т заасны дагуу “Үзэгчдэд ёсолж, уучлалт гуйхыг даалгах”, мөн зүйлийн 7.1.5-д заасны дагуу 2024 оны 7-р сарын 06 хүртэл хугацаанд бүх шатны барилдаанд барилдахыг хориглов. 
  • А.Амархүү нь гаргасан зөрчлөө ухамсарлаж, дахин зөрчил гаргахгүй талаараа амлалт, хүсэлт гаргасныг харгалзан үзэж, “Ёс зүйн дүрэм”-ийн 7-р зүйлийн 7.1.1-т заасны дагуу “Дахин ёс зүйн зөрчил гаргахгүй байхыг сануулах” шийтгэлийг оногдуулж, мөн зүйлийн 7.1.4-т заасны дагуу “Үзэгчдэд ёсолж, уучлалт гуйхыг даалгах”-аар тогтоов гэж МҮБХ-ноос мэдээллээ.