"Урт чих"-т булангаараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн дүү Отгонбаяр УИХ-ын сонгууль-2024 өрсөлдөх гэж буй талаараа дуулгаж байсан билээ. Тэгвэл үнэхээр энэ удаад сонгуульд өрсөлдөхөөр нэр нь яригдсан байжээ. 

МАН-ын Бага хурлын шийдвэрээр түүнийг УИХ-ын зургадугаар тойрогт нэр дэвших эрхийг олгов. Зүүн бүс дэх УИХ-ын зургадугаар тойрог нь Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгаас бүрдэж буй тойрог юм. Ийнхүү Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяр ахынхаа УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулиудад хамгийн өндөр санал авсан унаган тойрогт, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн багт өрсөлдөх нь ээ. МАН-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүлж, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, өөрийнх нь зөвлөх У.Отгонбаяр, ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг, УИХ-ын гишүүн П.Анужин, М банкны захирал Л.Соронзонболд, Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэн нар өрсөлдөнө.

У.Отгонбаяр нь Ерөнхий сайдын Бүсчилсэн хөгжлийн асуудал эрхэлсэн зөвлөхийн албатай. Энэ нь түүнд хамгийн том боломжийг олгож байгаа аж. Өөрөөр хэлбэл, давуу тал болж өгч байна. 

Түүний намтар, ажлын туршлага, гэр бүлийн байдал:

Монгол Улсын их сургууль төгссөн, улс төр судлаач мэргэжилтэй, Австрали улсад бизнесийн удирдлагын магистр хамгаалсан. Төрийн албанд мэргэжилтнээс эхлэн 10 гаруй жил ажилласан туршлагатай.

Эхнэр дөрвөн хүүхэдтэй, 46 настай. Сүхбаатар аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн тэргүүнээр сонгогдон ажилладаг. 

МАН-ын Бага хурлаас тойрог горилогчдын нэрсийг батлаж олон нийтэд зарлах юм. Тэгвэл Ерөнхийлөгчийн төрсөн дүү У.Отгонбаяр би сонгуульд ажлын биш амьдралын туршлагаараа ялалт байгуулж чадна гэх утгатай үгийг унагав. 

Тэрбээр МАН-ын бага хуралд оролцохынхоо өмнө хэвлэлд яриа өгөхдөө "Би элдэв шуугианд нэр оролцоогүй хүмүүсийг нэр дэвшүүлэх байх. Итгэл үнэмшилтэй байгаа учраас би хүсэлтээ илэрхийлсэн. Амьдралын туршлагатай, залуу багадаа төрийн албыг хашиж явсан. Би авсан зээлээ төлчихсөн. Ухнаагийн Хүрэлсүхийн дүү гэдгээсээ илүү Ухнаагийн Отгонбаяр нэр дэвшигч гэдэг талаас нь та бүхэн хараарай. Миний өвөг дээдэс Хан-Хэнтий нутгийнх. Аав маань Сүхбаатар аймгийн Халзан суманд төрж өссөн.

Би Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлийн албанд, Жавхлант бөхийн  тэргүүний албыг хашиж байсан. Ер нь зүүн бүстэй ажил, амьдралын хувьд их ойрхон. Ард иргэд, малчдаа илүү ойлгох боломж бололцоо нь илүү гэж үзэж Зүүн бүсийг сонгосон. Бага хурлын шийдвэрээр бүх зүйл шийдэгдэнэ, Ерөнхийлөгчийн дүү гэдгээр надад давуу байдал олгохгүй" хэмээн ярьсан юм.