Зэсийн үнэ өсөж, гадаад худалдааны эргэлт 8.4 тэрбумд хүрэв
2024/05/27
ЗЭСИЙН ХАНШ 11.4 МЯНГАД ХҮРЧЭЭ
Зэсийн үнэ сүүлийн 56 жилийн дээд түвшинд хүрсэн тухай MINING.COM сайтад тэмдэглэжээ. Бүр тодруулбал, нэг тонн зэс 11.4 мянган ам.долларт хүрсэн байна. Энэ нь он гарснаас хойш 35 орчим хувиар өссөн үзүүлэлт бөгөөд сүүлийн хэдэн долоо хоногт хамгийн хурдацтай өссөн аж. Energy Pathways-ийн стратегийн ерөнхий албаны Жефф Курри Блумбергт өгсөн ярилцлагадаа “Зэс бол шинэ газрын тос биш. Зэс бол хамгийн өндөр итгэл үнэмшилтэй худалдаа" гэжээ. Тэрээр зэс нь 1968 онд АНУ-д орон сууцны өсөлтийн араас ирсэн бүх цаг үеийн дээд цэгтээ хүрсэн инфляцтай. Тиймээс ердөө 15 мянган ам.долларт хүрнэ гэж онцлон тэмдэглэжээ. Харин Голдман Саксийн шинжээчид зэсийн одоогийн үнийг ойрын гурван жилд тогтвортой хадгалагдана гэж үзсэн байна.
Зэсийн үнэ 1968 оны хоёрдугаар сард 0.72 ам.долларт хүрсэн нь дээд үнэ болсон гэдэг. Энэ үеэр McDonald's Big Mac-ийг Америкт анх танилцуулж байсан аж. Хүн бүрийн дуртай Big Mac 0.49 ам.доллар байсан бөгөөд өдгөө 5.99 болтлоо өсчээ.
ГАДААД ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТ 8.4 ТЭРБУМД ХҮРЭВ
Монгол Улс энэ оны эхний дөрвөн сард 139 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 8.4 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс экспорт 4.9 тэрбум, импорт 3.4 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 617.5 сая, импорт 766.1 сая ам.доллароор нэмэгдэж ,экспорт 148.6 сая, тэнцэл 914.6 сая ам.доллароор багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Экспорт энэ оны эхний дөрвөн сард өмнөх оны мөн үеэс 148.6 сая ам.доллароор багасахад нүүрс 89.1 сая, цайрын хүдэр, баяжмал 72.3 сая, лаазалсан махан бүтээгдэхүүн 41.8 сая, адууны мах 34.5 сая ам.доллароор тус тус буурсан нь нөлөөлжээ. Харин боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 85.3 сая, төмрийн хүдэр, баяжмал 39 сая ам.доллароор нэмэгдсэн байна.
Түүнчлэн, импорт өмнөх оны мөн үеийнхээс 766.1 сая ам.доллароор нэмэгдэхэд суудлын автомашин 139.8 сая, дизелийн түлш 113.4 сая, ачааны автомашин 65.5 сая, автобензин 59.4 сая, бульдозер, авто хусуур, индүүдэгч, тэгшлэгч, экскаватор 45.4 сая ам.доллароор өссөн нь нөлөөлсөн байна. Харин экспорт энэ оны дөрөвдүгээр сард өмнөх сараас 181.6 сая ам.доллароор багасаж, импорт 192.5 сая ам.доллароор нэмэгджээ.
10 САЯ ШИРХЭГ ӨНДӨГ ИМПОРТОЛЖЭЭ
Энэ оны эхний дөрвөн сард 10 сая ширхэг өндөг импортолжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 80 орчим хувиар буурсан үзүүлэлт юм. Одоогоор үндэсний үйлдвэрлэгчид дотоодын зах зээлийн 60 хувийг хангаж байна. Сонирхуулахад, нэг хүний өндөгний жилийн хэрэглээ 180-200 ширхэг байгаа нь таван жилийн өмнөхтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт хэмээн гаалийн мэдээлэлд дурджээ.
Д.Жамцынх ам бүл зургуулаа. Тэднийх 10 хоног тутам нэг сагс буюу 30 ширхэг өндөг хэрэглэдэг ажээ. Өнгөрсөн оны сүүлчээс өндөгний үнэ аажмаар өсөж байсныг гэрийн эзэгтэй П.Одонтуяа хэлэв. Нэг бүр нь 500-550 төгрөгөөр авч байсан өндөг оны эхнээс 600-650 төгрөг болж өссөн байна. Үндэсний статистикийн хорооны цахим хуудаст энэ сарын 20-ны байдлаар нэг ширхэг өндөг 645 төгрөгийн үнэтэй байгааг тэмдэглэжээ.
Д.ОЮУНЧИМЭГ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 27. ДАВАА ГАРАГ. № 104 (7348)
Зочин · 2024/05/27
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/05/27
TSAGN XALYYTSSN80955877SXNAAR
Зочин · 2024/05/27
S AWI80955877 40DSH