УИХ-ын сонгуулийн дөрөвдүгээр тойрогт ардчилсан намаас нэр дэшихээр бүртгүүлсэн Б.Мягмарсүрэн ХУУЛЬ зөрчин нэрээ сэм шургуулсан Д.Өсөхбаярыг хуулийн байгууллагад шалгуулна гэв. 

Тодруулбал,  тус намаас нэр дэвшихээр санал хураалтаар зөвшрөөгдсөн Б.Мягмарсүрэнгийн нэр нь хасагдаж оронд нь Ерөнхийлөгч асан Д.Өсөхбаяр орсон аж. Энэ талаар, Тэрбээр өөрийн цахим хуудастаа “Би 2024 оны УИХ-ын сонгуулийн дөрөвдүгээр тойрог буюу Орхон, Булган, Хөвсгөл аймгуудыг хамарсан Хойд бүс нутагт АН-аас нэр дэвшин өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаж байсан юм.

 

Тавдугаар сарын 20-ны өдөр хуралдсан АН-ын Үндэсний бодлогын хорооны /ҮБХ/ хурлаар намын дарга Л. Гантөмөр сонгуулийн тойрог бүрээр нэг бүрчлэн нэр дэвшигчдээ танилцуулж, санал хураалган баталгаажуулсан. УИХ-ын сонгуулийн дөрөвдүгээр тойрогт Б. Мягмарсүрэн миний нэрийг мөн бусад долоон нэр дэвшигчийн нэрсийг уншиж сонсгон, санал хурааж тогтоолоор баталсан юм. Гэтэл тухайн өдрийн ҮБХ-ны хурлаар батлагдсан нэрс дотроос шөнийн 00 цагаас хойш миний нэрийг хасаж Д.Өсөхбаярын нэрийг сольж оруулсан хууль бус үйлдэл болсон байна. Түүний нэр нь АН-ын Нэр дэвшигчийг сонгон шалгаруулах хороо болон ҮБХ-ны хурлаар дэмжигдээгүй юм. Би учрыг нь олох санаатай тавдугаар сарын 21-нд Д.Өсөхбаяр руу утсаар залгахад аваагүй, мессеж бичсэн ч хариу өгөхгүй байна. АН-ын гишүүнийхээ хувьд намынхаа дотоод асуудалд хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаж долоо хоног асуудал тавилгүй, тэвчээртэй хариу хүлээж байсан боловч ямар шалтгаан нөхцлөөр нэр хассан тухай тайлбар ирээгүй бөгөөд тавдугаар сарын 25-ны өдөр нэр дэвшигч миний нэрийг хассан байдалтайгаар СЕХ-нд матeриалаа хүргүүлжээ. Иймд хууль, дүрэм журмыг уландаа гишгэж байгаа шударга бус үйлдлийг эсэргүүцэж байгаагаа өөрийн цахим хаягаар дамжуулан олон нийтэд мэдээлэл хүргэж байгаа юм.

БИ энэ СОНГУУльд нэр дэвшихгүй байсан ч болно. Гэвч энэ мэт хууль зөрчсөн үйлдлийг үл тоож орхиж гэмээнэ цаашдаа улс оронд, улс төрийн намуудад буруу жишиг тогтож олон шударга залуусын ирээдүйг хулгайлах нөхцөл үүснэ. Иймд АН-аас тойрогт нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтанд ХУУЛЬ зөрчин нэрээ сэм шургуулсан Д.Өсөхбаярын хууль бус үйлдлийг шалгуулж, нэрийг нь ТАТУУЛАХ хүртэл хариуцлага тооцуулахаар СЕХ-нд өнөөдөр баримт нотолгоо бүхий гомдол хүргүүллээ. Цаашлаад шаардлагатай бол шат шатны Шүүхийн байгууллагад хандаж хуулийн зөрчлийг арилгуулж, хариуцлага тооцох хүртэл нь тэмцэх болно.

Хуулийн дагуу УИХ-ын сонгуулийн тойрогт болон жагсаалтанд нэр дэвшиж байгаа АН-ын нийт нэр дэвшигчиддээ амжилт хүсьe ээ. Монгол төрийн босго өндөр байх болтугай” гэсэн юм.