Дорноговь аймгийн Сайншанд сумаас 12 настай охиныг хулгайлж, амь насыг нь хөнөөсөн Г.Гантулгад холбогдох хэргийг шүүх хурал Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-ны өдөр болж, шүүхээс түүнд бүх насаар нь хорих ял оноосон билээ. 

Тэгвэл Г.Гантулга нь анхан шатны шүүхээс оноосон бүх насаар нь хорих ялыг хүлээн зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй байна. 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ганбаатарын Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүн хулгайлах” гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд,

Мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хүчиндэх” гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.7-д зааснаар “Онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж, өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор хүнийг алсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Г.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.7-д зааснаар бүх насаар нь хорих ялаар, Мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар бүх насаар нь хорих ялаар, Мөн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.7-д зааснаар оногдуулсан бүх насаар нь хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан бүх насаар нь хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг бүх насаар нь хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гантулгад оногдуулсан бүх насаар нь хорих ялыг хаалттай хорих байгууллагад тусгаарлаж эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.