Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулсан иргэдийг саатуулсан гэх мэдээлэл цахим орчинд өрнөж байна.  Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-ын албаны эх сурвалжаас тодруулахад дараах хариултыг өгөв. 

ЦЕГ-ын Урьдчилан Сэргийлэх Газрын ХМОНХХ-ийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг "Сүхбаатар дүүргийн зургаадугаар хороо буюу Сүхбаатарын талбайд өнөөдөр хэсэг иргэн бүртгэлгүй жагсаал цуглаан зохион байгуулж болзошгүй үйлдэл гаргаж, зарим улсын туг барьж явсан.

Энэ асуудлыг цагдаагийн алба хаагч тодруулах зорилгоор шаардлага тавьсан. Ингэж тодруулах явцад нэр бүхий иргэдээс төрийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн тул хуульд заасан үндэслэл журмын дагуу холбогдох шалгалтыг явуулж байна" гэлээ.