Бүгд найрамдах Беларусь улсын Ерөнхийлөгч А.Лукашенко манай улсад айлчилж байна. Нийтдээ дөрвөн өдрийн турш айлчилж буй тэрбээр өнөөдөр нутаг буцна.

Тэрбээр Хүүхдийн баяраар манай улсад айлчлал хийхээр газардсан билээ. Тусгаар тогтносон улсад айлчлал хийж буй түүнийг "дайсан" мэтээр авирлаж өчигдөр багагүй үймээнийг Төв талбайд хэсэг иргэд явуулж бужигнуулав. Энэ удаад уг үйл явдлын талаар болон айлчлалын талаарх үзэл бодлыг "БАЙР СУУРЬ" буландаа онцолж байна.

Ерөнхийлөгч А.Г.Лукашенко:  Танай сайхан оронд хийж байгаа энэхүү төрийн дээд айлчлал нь 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хэрэгжиж байгаа анхны айлчлал билээ. Монгол, Беларусь нь томоохон орнуудтай хөрш бөгөөд дэлхий дахинд ойр дотно олон анд нөхөдтэй. Тиймээс Монгол Улсын гадаад бодлого, түүнийг хэрэгжүүлж буй прагматик хандлага бидэнд ойр, ойлгомжтой байдаг. 

Манай газар нутагт Украинд болж байгаа сөргөлдөөнийг энхийн аргаар шийдүүлэхийн төлөөх яриа хэлэлцээг хэдэн удаа хийсэн. Уг нь үр дүнд хүрсэн бол дайны ажиллагаа зогсох байлаа. Гэвч барууны улс орнууд Украинд очоод энхийн яриа хэлэлцээ хэрэггүй гэх шийдвэрт хүргүүлсэн. Би өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид хэлсэн, Украинд одоо дайтах хүнгүй, зэвсэггүй болсон байгаа. Нөхцөл байдал ямар болсныг та бүхэн мэдэж байгаа. Оросууд ч бас энэ дайныг хүсэхгүй байна. Яагаад энхийн хэлэлцээний ширээний ард сууж болохгүй байна вэ?

АНУ бол зөвхөн ОХУ-ыг дайтаж, хүч нь сулрахыг эрмэлзэж байгаа. АНУ-ын явуулж байгаа бодлого нь ийм л зарчимтай байгааг монголчууд та бүхэн үүнийг ойлгоосой гэж хүсэж байна.  АНУ тэргүүтэй барууны хэвлэлүүд юу гэж ярьж байгааг тунгаагаасай. Хүсвэл манай улсад зочлоорой. Манай улс ямар байгааг харах боломжтой. Биднийг шүүмжлэх биш бодит байдлыг харж дүгнэлтээ хийгээсэй гэж хүсэж байна. ОХУ бол бидний хамгийн дотны анд нөхөд. Хоёр улсын хооронд байгуулсан бүхий л эрх зүйн баримт бичгийг үндэслэн бид ямагт ОХУ-ын талд байх болно. АНУ тэргүүтэй улсууд юу гэж ч хэлж байсан бид тэр бүс нутагт энх тайван тогтоосой гэсэн хүсэл эрмэлзлийн төлөө ажиллаж байгаа. Тиймээс та бүхэн аливаа мэдээллийг судалж, өөрсдөө тунгааж үзээрэй.

Би хэвлэлд ярих ярианаасаа гажиж, нэмэлтээр мэдээлэл өгсөнд уучлаарай. Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэг талыг барьсан мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэж, биднийг Монголын ард түмний дайсан мэт харуулж байгаад би гүнээ харамсаж байна. Бид Их гүрнүүдийн ижил түвшинд хамтын ажиллагааг хөгжүүлэх бүрэн боломжтой. Энэхүү хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна" хэмээн тэрбээр хэлсэн үгэндээ онцолсон юм.

А.Лукашенкогийн айлчлал тодорхой хүрээнд нэн анхаарал татаж байна. Барууныг дэмждэг “No War” хөдөлгөөн ч тус айлчлалыг эсэргүүцэж Украины туг барьж зогсож, цагдаагийн байгууллагад саатуулагдсан байдаг. Тэд төв талбайд эсэргүүцлийн жагсаалыг тус хөдөлгөөний гишүүн Э.Одбаяр, Б.Цацралт, Т.Золбаяр, Ц.Жаргалсайхан нар зохион байгуулж, Украин улсын далбааг барьж, эсэргүүцлээ илэрхийлэх үеэрээ иргэд цагдаагийн алба хаагчдын хооронд маргаан өрнөв. Тэдний байр суурийг хүргэе.

“No war” хөдөлгөөний гишүүн Б.Цацрал:  Гэмт хэрэгтэн А.Лукашенког эсэргүүцэн жагссан “No war” хөдөлгөөний залуусыг баривчилсан. Өдөр 12 цагийн цагийн үед Т.Золбаяр, Э.Одбаяр нарыг болон намайг үндэслэлгүй баривчилж, дараа нь Ц.Жаргалсайханыг мөн үндэслэлгүй баривчиллаа.

Укрианы далбааг төв талбай дээр гаргахын завдалгүй бүгд баригдсан. Ингээд 2:30 цагийн турш Сүхбаатар дүүргийн I хэлтэс дээр хууль бусаар баривчлагдан саатуулагдаж байгаад гарч ирлээ. Беларусийн Ерөнхийлөгч А.Г.Лукашенко бол Олон улсын эрүүгийн хуулиар дайны гэмт хэрэгтэн гэдэг нь тогтоогдсон. Олон улсын хоригт орчихсон гэмт хэрэгтэн. Монгол Улс Олон улсын Эрүүгийн хуулийн конвенцид нэгдэж орсон учраас  Беларусийн Ерөнхийлөгч А.Г.Лукашенког Монголд ирсэн даруйд нь баривчлах үүрэгтэй. Гэтэл төрийн өндөр дээд хэмжээний айлчлал хэмээн зарлаж, нэгдүгээр зэрэглэлийн хамгаалалтын дор энэ хүнийг дөрвөн хоногийн турш эх орондоо орогнуулж байгаа нь Монгол Улс олон улсын хоригт орох хэмжээний үйлдэл. Энэ бол Монгол Улсын гадаад харилцааны бодлогод байж болохгүй үйлдэл.

Беларусийн Ерөнхийлөгч А.Г.Лукашенко бол ОХУ-ын Ерөнхийлөгч Путины хамсаатан. Дайны гэмт хэрэгтэн гэдэг нь Эрүүгийн хуулиар нотлогдсон учраас түүний айлчлалыг эсэргүүцсэн. Энэ хүнийг Монгол Улсын газар нутаг дээрээс даруйхан хөөж явуулах ёстой.  Эрүүгийн гэмт хэрэгтнийг эх орондоо байлгаснаар Монголчууд өөрсдөө олон улсын хоригт орох эрсдэл бодитоор бий боллоо.  Ардчилсан Монгол Улс гэгдэж байгаа улсын иргэд өөрсдийн гэсэн үзэл бодолтой байсных нь төлөө цагдаагийн байгууллагаас барьж, хорьж байна. Яагаад үзэл бодолтой байсных нь төлөө гэж хэлж байна гэхээр бид үзэл бодлоо илэрхийлж эхлээгүй. Зүгээр л бодсоных нь төлөө зэрлэг, балмадаар баривчилдаг улсад бид амьдарч байгаагийн тод илрэл боллоо. Биднийг цагдаагийнхан эрүүдэн шүүсэн. Би биедээ шарх авсан. Гар хөхөрч, судас нь хагарсан байна.

“No War” хөдөлгөөний гишүүн Т.Золбаяр: Үзэл бодлоо илэрхийлээд жагсаад зогсож байж болохгүй юу. Хаана ч иймэрхүү эсэргүүцэл байж байдаг. Ялангуяа дарангуйлагч А.Г.Лукашенко мэтийн нөхөр улс оронд нь айлчлахад энэ байтугай эсэргүүцэж Тусгаар ардчилсан улс гэдгээ харуулна шүү, хэдүүлээ гэв.

Айлчлалыг эсэргүүцсэн жагсагчдыг баривчилсан талаарх асуудлаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэсээс тодруулахад “Өчигдөр Сүхбаатарын талбайд бүртгэлгүй жагсаал цуглаан зохион байгуулж болзошгүй үйлдэл хийж байгааг манай цагдаагийн алба хаагчид шалгасан. Энэ үеэр зарим улсын туг барьж явсан иргэдээс манай цагдаагийн алба хаагч хуулийн дагуу асуудлыг тодруулах зорилгоор шаардлага тавьж, шалгасан нь үнэн.

Энэ үед нэр бүхий иргэдээс төрийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн тул хуульд заасан үндэслэл журмын дагуу холбогдох шалгалтыг явуулж байна. Өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл: Беларусь улсын дарангуйлагч А.Г.Лукашенког УИХ-ын сонгуулийн үеэр Монголд төрийн айлчлал хийж байгааг эсэргүүцэж байгаа Ц.Чинбатынхаа үзэл бодлыг дэмжиж байна. Цуст дарангуйлагч А.Г.Лукашенког ардчилсан Монгол Улсад айлчлуулж байгааг эсэргүүцэж байна. Энэ хүн сүүлд өрсөлдөгч эмэгтэйдээ сонгуульд ялагдаж, төрийн эрх мэдлийг хүчээр булаан авч, Европын хамгийн аймшигтай дарангуйлагч болсон. Ийм хүнийг ардчилсан сонгуулиа зохион байгуулах гэж байгаа Монголд айлчлуулж байгаагаараа МАН юу хэлэх гэж байна вэ. Монгол Улс дарангуйлагч болох ёсгүй. Ард түмний сонголтын эрх мэдлийг булаасан энэ хүн Монголд айлчлах ёсгүй. Ийм санаатай үйлдлийг эсэргүүцэж байгаа. Монголоо Беларусь болгохгүйн төлөө тэмцэнэ.

Беларусийн дарангуйлагч Лукашенко тэсэлгүй,ардчиллын 30 жилд Улаанбаатар ямар үсрэнгүй хөгжснийг “хэлж орхив”. Шинэчлэгдэж буй Улаанбаатарыг хараад балмагдсан янзтай байна. Бас мэдээж гомдолгүй яахав. Минсктэй харьцуулахад Улаанбаатар хол явсан.

А.Лукашенког баривчлах тушаал гаргаагүй

Олон улсын эрүүгийн шүүх А.Лукашенког баривчлах тушаал гаргаагүй байгаа. Харин түүнийг айлчлахын өмнөхөн "А.Лукашенког ICC баривчлахаар тушаалаа, гишүүн орны хувьд бид ирмэгц нь түүнийг гавлах ёстой" гэсэн хуурамч мэдээлэл түгсэн нь анхаарлын төвд ороод байв. 

“Хоёр орон хамтын ажиллагааг цаашид шинэ шатанд гаргах, хөгжүүлэхэд санал нэгдлээ” хэмээн өчигдрийн албан ёсны бичиг баримтад гарын үсэг зурах үеэрээ тэд онцолсон. Энэхүү айлчлалын дараа бид ТУСГААР ТОГТНОСОН, БҮРЭН ЭРХТ МОНГОЛ ОРОН хэвээрээ байх болно. 

Хэтийдсэн сэтгэл хөөрлөөр монгол иргэдийг төлөөлөн төв талбайд үймээн дэгдээсэн тус хөдөлгөөнийхний байр суурь хэр зөв зохистой байв гэдэгт уншигч та мэргэн оюундаа тунгаах биз ээ.