“Баян шувуу" үйлдвэрийн барилгад гарсан гал түймэрт тахианууд нь өртөөгүй гэв
2024/06/04
Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань баг дахь “Баян шувуу" ХХК-ийн үйлдвэрийн барилгад өнөөдөр /2024.06.04/ томоохон хэмжээний гал гарсан талаар бид мэдээлсэн.
Тэгвэл уг газарт Онцгой байдлын Гал унтраах, аврах гурван ангийн 40 алба хаагч галыг унтраахаар ажиллажээ.
Тус үйлдвэр сэндвичэн 10 барилгатай бөгөөд үүний дөрөв нь буюу гурван тахиа үржүүлгийн байр, нэг оффисын байр галд бүрэн автсан гэх мэдээллийг ажилчдын зүгээс өгсөн юм. Мөн тахианууд галд өртөөгүй, гал гармагц нүүлгэн шилжүүлсэн байжээ.
Ослын талаар Онцгой байдлын алба хаагч “Гал гарсан гэх дуудлага мэдээлэл Нийслэлийн ОБГ-ын шуурхай удирдлагын төвд 2024 оны зургаадугаар сарын 04-ны өдрийн өглөөний 04:52 цагт Төв аймгийн Баянчандманьд өндөгний үйлдвэр шатаж байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Мэдээллийн дагуу эхний дуудлагаар Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн бүрэлдэхүүн ирсэн. Нэмэлт дуудлагаар Төв аймгийн Батсүмбэр суман дахь 84 дүгээр ангийн бүрэлдэхүүн. Мөн нэмэлт дуудлагаар Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн бүрэлдэхүүн ирсэн. Ингээд нийт гурван ангийн 7 нэгж, техник 49 алба хаагч уг гал түймрийн голомтод ажиллаж гал түймрийн тархалтыг 08:50 цагт зогсоож, 14:20 цагт бүрэн унтрааж дууслаа.
Гал түймрийн хохирлыг мэргэжлийн байгууллага тогтоохоор ажиллаж байгаа. Гал унтраах явцад алба хаагчид гэмтэж бэртээгүй” гэлээ.
Тус шувууны аж, ахуй нь дотоодын өндөгний хэрэгцээний 50 хувийг хангадаг НВЦ группийн "Баян" өндөгний үйлдвэр юм. Монгол Улс жилдээ дунджаар 400 сая ширхэг өндөг хүнсэндээ хэрэглэдэг бөгөөд дотоодын үйлдвэрүүд 60 хувийг нь хангадаг аж. Үүний 53 хувийг “НВЦ” группийн “Баян” өндөгний үйлдвэр дангаараа нийлүүлж, 2500 харилцагчдаа шууд бүтээгдэхүүнээ хүргэн, 400 хүнийг тогтмол ажлын байраар ханган ажилладаг. “Баян” өндөгний үйлдвэр нь өнөөдрийн байдлаар улсдаа хамгийн олон буюу нэг сая толгой шувуутай. 2024 онд хүчин чадлаа нэмэгдүүлэн 1.5 сая шувуутай болж Монгол Улс өндөгний хэрэгцээгээ 100 хувь дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжийг зорин ажиллаж байгаа юм.