"Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэж, шийдвэрлэсэн байна.

Өнөөдөр энэ асуудлаар Сонгуулийн ерөнхий хороо хуралдсан юм.

Өмнө нь ЦЕГ-аас ирсэн тодорхойлолтод үндэслэж, Н.Номтойбаярт нэр дэвших эрх олгоогүй. Харин энэ нь "Авлига, албан тушаалын гэмт хэргээр ял эдэлсэн бол дэвшүүлэхгүй" гэсэн заалтад хамаарч байв.

Гэвч Н.Номтойбаяр анхан болон давж заалдах шатны шүүхээр Эрүүгийн хуулийн 22.1 буюу авлига, албан тушаалын хэргээр ял авсан. Харин Улсын дээд шүүх ялыг 22.5 буюу "Хайнга хандах" зүйлчлэл болгон өөрчилсөн байдаг. Иймд Н.Номтойбаяр СЕХ-ны шийдвэрийг хууль зөрчсөн, үндэслэлгүй гэж үзээд Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан. Шүүх түүнийг нэр дэвших эрхтэй гэж үзсэн.

Энэ дагуу өнөөдөр СЕХ дахин хуралдаж, Н.Номтойбаярт нэр дэвших эрх олгохоор шийдвэрлэжээ.