Өнөө жилийн Үндэсний их баяр наадмын хөгжмийн гүйцэтгэх продюсерээр Монгол улсын соёлын элч Б.Нарандэлгэр буюу BEATBOX RAY ажиллана. Түүнтэй баяр наадмын бэлтгэл хэрхэн өрнөж байгаа талаар цөөн хором ярилцлаа.

-Монгол түмний их баяр наадам болох өдөр тун ойртож байна. Энэ жилийн үндэсний их баяр наадмын илэрхийлэл болон утга агуулга юуг өгүүлэх вэ?

-Дэлхий анх үүссэн цагаас өнөөдрийн Монголын түүхийг харуулахаар наадмын баг ажиллаж байна.

Онцлох зүйл нь юу вэ гэвэл байгалийн авиа зүй, хүн байгалийн шүтэлцээг харуулсан, дэлхийн үүсэл хөгжил цаашлаад өвөг дээдсийн минь бидэнд үлдээсэн түүхийн улбааг, цагийн хүрдийг харуулах юм. Миний хувьд хөгжмийн гүйцэтгэх продюсерээр ажиллаж байгаагийн хувьд хэд хэдэн онцлох хөгжмийг оруулна. Тухайлбал, дэлхийн үүслийн авиа зүй, монголын өвөг хөгжим болох хэл хуур, алтайн ятга, хөөмий, хоолойн лимбэ, морин хуур зэргийг Монголын биет бус өвүүдийн хөг аялгуу, дуу дуугаралттай нэгтгэж байна.  Энэ нь Монголын дуу хуур, бүжиг наадгай, хөгжмийн зэмсэг, үүх түүхийн улбааг таниулан сурталчлахад хамгийн чамин шигтгээ нь болох болов уу гэж бодож байна.

-Энэ жилийн наадмын урианы онцлог хийгээд бэлтгэл ажил хэдэн хувьтай явж байна?

-Энэ жилийн наадам нь "Эх дэлхийгээ хайрлая" уриатайгаа зохион байгуулагдана. Энэхүү урианы дагуу оролцож байгаа уран бүтээлчид болон хүрэлцэн ирж буй үзэгч түмэндээ хогоо ил хаяхгүй, хогийн саванд хаяж сурцгаан эх дэлхийгээ хайрлая гэсэн уриалгыг гаргасан.

Наадмын бэлтгэл ажил одоогоор 50 хувь хангагдсан байна. 15 үзэгдлийн хөгжим, дуун дээр ажиллаж байна. Мэдээж үндэсний их баяр наадам гэдэг бол Монгол улсын дархлаа үндэсний өв соёлоороо бахархаж, Туурга тусгаар Монголчуудыг Дэлхий дахинд таниулан сурталчлахад маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөн энэ жилийн наадмын нээлтийн онцлог 3D график дүрслэл, Синиматик саундын хоршил байх болно.

 

-Та одоогоор зөвхөн наадмын үйл ажиллагаанд төвлөрөн ажиллаж байна уу?

-Сүүлийн саруудад маш их ачаалалтай ажиллаж байна. Наадмын нээлтийн үйл ажиллагаанаас гадна хувь уран бүтээлчийн хувьд хийхээр төлөвлөсөн олон зүйл бий. Одоо энэ сарын сүүлээр Бельги, Франц, Герман гэсэн улсуудад тоглолт хийхээр бэлтгэлээ базааж байна. Үүний зэрэгцээ ирэх долоон сард болох дэлхийн олимпод монголынхоо уламжлалт өв соёлыг таниулан сурталчлах эвэнтүүдэд соёлын элчийн хувиар уригдсан. Үүнд мөн оролцоно. Харин наймдугаар сарын эхээр 3 мянган Германчуудад хэл хуур хөгжим брлон Хөөмийбит жанараа таниулан сурталчлах тоглолт хийхээр төлөвлөөд байна.

-Та монголдоо хэзээ ирэх үү, цаашлаад Монгол угсаатан хэл хуурчдын холбоо нь хэл хуурчдынхаа чадвар чансааг сайжруулах мөн түгээн дэлгэрүүлэх тал дээр ямар үйл ажиллагаа хийхээр төлөвлөөд байна вэ?

-Монголдоо наймдугаар сарын 24,25 нд Монгол угсаатан хэл хуурчдын холбооноос хамгийн анхны хэл хуурчдын тэмцээнийг хийх гэж байна. Энэхүү тэмцээнийг Монгол угсаатан хэл хуурчдын холбоо, МҮОНРТ хамтран реалити шоу хэлбэрээр хийхээр төлөвлөсөн.

Тун удахгүй тэмцээний удирдамж гарна. Өмнө нь ардын авьяастнуудын дунд хөгжмөөр, дуугаар шүлгээр гээд урлагийн олон төрлөөр өрсөлддөг байсан энэхүү тэмцээн удаан хугацаанд тасалдсаны улмаас өвлөн уламжлагчид буюу хэл хуур тоглодог хүмүүсийн тоо багассан.

Энэхүү тэмцээн хийгдэж байх хугацаанд Монголд маш олон хэл хуурчид өрсөлдөж, хөгжиж, өвлөн уламжлагчд дэлгэрч байсан бол сүүлийн жилүүдэд энэ байдал алдагдаж, хэл хуур хөгжмийг урлаг талаас нь хөгжүүлэх үйл явц зогсонги байдалтай байна. Тиймээс Монгол улсад хэл хуур хөгжмийг сурсан, өвлөн тээж яваа хүмүүсийн хэрхэн сурч байсан түүхийг олон нийтэд танилцуулах, ямар урсгал нь түлхүү хөгжсөн байна гээд тэдний суралцаж буй онцлог, цаг хугацаа олон зүйлийг багтаах учраас реалети шоу хэлбэрээр хийхийг зорьсон юм. Тэмцээнээс шилдэг өвлөн уламжлагч, шилдэг хэл хуур урлаач, хүүхдийн ангилалд шилдэг хэл хуур өвлөгч хүүхдийг шалгаруулах болно.

Мөн манай холбоо  наймдугаар сарын 16,17,18-ны өдрүүдэд Нүүдэлчдийн Дэлхийн Соёлын Фестивальд өөрсдийнхөө өргөө гэрийг байршуулж хэл хуураа сурталчлан таниулахаар төлөвлөж байна. Энэхүү фестивальд оролцоход Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газар хамтран ажиллаж байна. Энэ үеэр Монголын угсаатан хэл хуурчдын холбоонд гишүүнчлэлээр бүртгэгдсэн 21 аймгийн хэл хуурчид хэл хуурын төрөл жанр, утга агуулга, татлага, онцлог гээд олон зүйлийг танин мэдүүлэх болно.