Намын шийдвэрийг үндэслэж нэр дэвшигчээс татгалзах боломжгүй гэдэг тайлбарыг СЕХ өглөө
2024/06/17
Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б нь өнгөрсөн бямба гарагт бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Тодруулбал, талийгаачийн амийг хөнөөсөн этгээд нь УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт МАН-аас нэр дэвшиж буй БХ-ын сайд Г.Сайханбаярын штабд ухуулагчаар ажиллаж байсан П.О гэх этгээд бөгөөд тухайн өдөр танхайрч талийгаачийн амь насыг хохироосон хэмээн эх сурвалжууд мэдээллээд буй юм.
Тус хэрэгтэй холбогдуулан МАН-ын сонгуулийн төв штабаас УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт нэр дэвшигч Г.Сайханбаярт ёс зүйн хариуцлага хүлээлгэн нэр дэвшигчээс эргүүлэн татах асуудлаар улс төрийн шийдвэрийг гаргасан бөгөөд үүний дараа МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АН-ын төв байранд очиж АН-ын дарга Лу.Гантөмөртэй уулзан эмгэнэл илэрхийлсэн билээ.
Тэгвэл БХ-ын сайд Г.Сайханбаярыг түүний сонгуулийн хэсгийн штабт ухуулагчаар гэрээ байгуулан ажиллаж байсан П.О-ын гаргасан ноцтой үйлдэлд ёс зүйн хариуцлага хүлээх шаардлагыг намаас нь шууд тулгаж байгаа нь улс төрийн хүрээнд төдийгүй олон нийтийн дунд талцал, шүүмжлэлийг дагуулаад буй юм.
Эцсийн шийдвэрийг СЕХ гаргах учиртай тул бид энэ талаар тодруулахад намын дотоод асуудлын хүрээнд гаргасан улс төрийн шийдвэрээр нэр дэвшигчийг эгүүлэн татах асуудал УИХ-ын сонгуулийн тухай хуульд заагдаагүй бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 32.13-т "Нэр дэвшигчээр бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш нэр дэвшигчээс татгалзахыг хориглоно" хэмээн заасан байдаг.
СЕХ хуулиа дагаж мөрдөх тул намын шийдвэрийг үндэслэж нэр дэвшигчээс татгалзах боломжгүй гэдэг тайлбарыг өглөө.
Сурмаа · 2024/06/17
Энэ бол хувь хүний хоорондын асуудал. Ямартай ч нэр дэвшигч нь "ухуулагч"-аа тааралдсанаа нухаад байгаарай гээгүй байх. Харин ухуулагч ч гэх үү талын хүн нь ч гэх үү нөхдүүд эрх мэдлийн төлөө хувийн ёс суртахуунаа уландаа гишгээд араатны араншин гаргаж байгаа нь аймшигтай байна. Ард түмнээ 4 жилд нэг удаа ингэж хэдэн хэсэг болгож хооронд нь уралцуулж байдгаа болих хэрэгтэй. Ер нь 4 жилд танигдаагүй нөхдүүд 18 хоногт хэдэн үг /Сонгуулийн мөрийн хөтөлбөр гэдэг байх аа/ хэлээд танигдана гэж байх уу. Тэгээд өөрийгөө таниулах гээд хамгийн гоё дээрээ тавиад хотоо хоосортол бөөнөөрөө хөдөө орон нутаг руу гүйлдэж байгаа нь хөгийн байна.