Ардчилсан намын дэд дарга И.Мөнхжаргал нарын төлөөлөл өнөөдөр /2024.06.17/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг шударга сонгууль зохион байгуулахыг шаардаж, мэтгэлцээнд дуудаж байгаа талаараа мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын дэд дарга И.Мөнхжаргал: "Энэ оны зургадугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан намын дарга байрныхаа үүдэнд бусдын гарт хорлогдож, харамсалтайгаар нас барлаа. Бодит байдлыг орон нутгаас тодрууллаа. Миний хувьд Өвөрхангай аймгийн Ардчилсан намыг найман жил удирдаж, миний удирдлага дор сумын намын даргын ажлыг хоёр удаа, ИТХ-д гурван удаа сонгогдож, дарга хийж, аймгийн намын хороонд 20 гаруй жил хамтран зүтгэсэн нөхөр маань МАН-ын ухуулагчийн гарт амиа алдлаа. УИХ-ын сонгууль эхлэхээс өмнө МАН-ын удирдлагад шударга сонгууль явуулахыг шаардаж, сануулсаар байсан. Миний хувьд нийслэлийн Чингэлтэй дүүргийн хороодоор явахдаа МАН-ын үүрийн байраар орж, хоёр нам үзэл бодлын ялгаатай, зөвхөн мөрийн хөтөлбөрөөр шударга өрсөлдье гэдгийг ухуулагч нарт уриалсан.

Гэтэл МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сонгуулийн кампанит ажлынхаа үеэр "МАН сонгуульд ялахгүй бол Монгол Улс газрын зургаас арчигдана. Дэлхийн гуравдугаар дайнд өртөж магадгүй" гэж уриалж, ухуулга хийсэн. Дээд удирдлагын санаатай, санамсаргүй үйлдлээс хамаарч, анхан шатан дахь ухуулагч нарт өөр сэдэл санаа бууж байна. Ардчилсан намын мянга мянган гишүүд МАН-ын байрны гадна цуглаж, даргаас нь хариуцлага нэхэхийг мэдэгдье.

Ардчилсан сонгууль болно гэдэгт итгэсээр байгаа. Ардчилсан сонгууль хийх гэж байгаа бол тантай олон нийтийн хэвлэл мэдээллийн өмнө авлига, олон улсын асуудлаар мэтгэлцэхэд бэлэн байна.

Гэхдээ улсын гадаад бодлого бол улс төрийн сэдэв биш гэдгийг сануулъя. Монгол Улсын иргэн бүр улсынхаа үндэсний аюулгүй байдалд санаа зовж байх ёстой. Улс төрийн аль нэг нам нь мэдэгдэл хийх ёсгүй. Та тэр тэмцлээ бидэнтэй мэтгэлцэж ярина уу. Таныг халз мэтгэлцээнд дуудаж байгаа урилгаа гардуулж өгнө" гэв.