“Лам нар ламхай нарыг хүчиндсэн”гэх хэрэгт холбогдсон 19 настай хүүгийн ээж н.Саранчимэг хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Би олон жил хэвтэрт байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүн. Хилсээр гүтгэгдсэн насанд хүрсэн гэх ламхай хүүгийн ээж байна. Сүүлийн нэг жил сэтгэлийн дарамтад орж бие улам дордож байгаа учир ард түмэндээ хандаж өөрт тохиолдоод байгаа үнэн мөнийг ярихаар ирлээ.

Миний хүү 2011 онд Энэтхэг явж нийтдээ 12 жил суралцсан. 2023 оны хоёрдугаар сард миний бие муудаж ядруу байсан учраас ээжийгээ асрахаар монголдоо ирээд байхдаа Ганданд гарсан гэх зохиомол хэрэгт холбогдож, гурван хүүхэд хүчиндсэн хэрэгт гүтгэгдэж өнөөдөр эрүүгийн хэргийн хамгийн хүнд зүйл ангиар заагдан 8-25 жил болон бүх насаар нь хорих зүйл ангиар шүүхэд шилжээд байна.

Гандан хийдийг харлуулах зорилготой үйл ажиллагаанд миний хүү өртсөн. Миний хүү нэг ч хүүхэд хүчиндээгүй. Би шүүхээс урьтаж тогтоож байгаа юм биш. Хохирогч гэх хүүхдийг хоёр удаа шинжлүүлэхэд ямар ч хохирол илрээгүй. Хүү Гандангийн дотуур байранд хориод хоноход цуг амьдарч байсан хүүхдээс шинжилгээ авахад би хамт байсан. Хэрэг гарсан гэх цаг хугацаа нь миний хүүгийн Монголд ирсэн, дотуур байранд байсан цаг хугацаанаас дандаа зөрдөг.  Тэгээд хүү “Би энэ үеэр монголд байгаагүй гэхээр тэр хамаагүй” гэж хэлдэг гэсэн. Өнгөрсөн хугацаанд нэг ч хүнээс гэрчийн мэдүүлэг аваагүй. Хохирсон гэх хүүхэд ч 100 хувь гүтгэлэг гэж хэлсэн байсан гэдэг.

Мөн Гандан хийдийн дотуур байрны нөхцөл байдал хүүхэд орилж хашгируулж янз бүр болгоод байх нөхцөлгүй юм билээ. Хүүхэд халуун бууруулах лаа хийхэд яаж эмзэглэдэг билээ. Гэтэл 18 насанд хүрсэн хүүхэд жаахан хүүхдэд гэмтлийн зэрэггүй халдах боломж хар ухаанаар бодоход байхгүй. Үнэхээр миний хүүхэд хэрэг хийсэн бол надад өмөөрч хамгаалах сэтгэл байхгүй. Би өөрөө ч эх хүн. Гэвч айхтар доромжлуулж байгаа хүүгээ өрөвдөж байна. Шөнө зүүдэнд, өдөр бодолд байна. Би цаашдаа энэ бүхнийг даах тэнхээгүй байгаа учраас ард түмэндээ хэлье гэж бодсон юм. Энэтхэгт 10 жил сурсан гурван улсын хэлээр дуржигнатал ярьдаг, эрдэм ном сурсан хүү. Гэтэл өнөөдөр миний хүүгийн тухай гэрэл гэгээтэй нэг өгүүлбэр байхгүй байгаа.

Нарийн ширийн юм бас хамаагүй ярьж болохгүй л байх. Ингэж, тэгээд хэлчхээч гэсэн тохиолдол ч бас бий. Хохироосон гээд байгаа хүүхдүүдийн ээжүүд дандаа өвчтэй, төлбөрийн чадваргүй, боломжгүй айлууд. Би үүнийг тохиолдол гэж харахгүй байгаа. Дөрвийн дөрвөн хүүхэд адилхан амьдралтай байна гэдэг санамсаргүй зүйл биш. Хүүхдээ хүчиндүүлсэн гээд явсан Б гэх эмэгтэй гандангийн дотуур байранд 45 хоносон. Би тэр хүүхнийг судалгаа хийсэн гэж ойлгодог. Намайг хүртэл харлуулах тактик явуулсан. Гэхдээ тэр хүүхний хүүхэд манай хүүхдийг дотуур байранд байх үед тэнд байгаагүй юм шүү. 

Эцэст нь хэлэхэд ядарсан эх, учрыг нь олохгүй гүтгэгдэж биеийн байдал нь муудаж буй хүү бид хоёрт монголын ард түмэн минь туслаач. Хуульчид, монголын төрийн өндөрлөгүүд, бурхан шашинтны төвүүд, Энэтхэг улсын ЭСЯ бусад холбогдох хүмүүс энэ асуудалд анхаарлаа хандуулаач хэмээн чин сэтгэлээсээ хүсье. Өвчтэй зовж байгаа би олон жил шашны эрдэм сурсан хүүгээрээ нас барахын цагт толгой дээрээ маань ч гэсэн уншуулмаар байна” гэлээ.