Олимпийн аварга Н.Түвшинбаяр 2021 оны 4-р сарын 2-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, гавлын ясыг нь цөмлөн хүнд гэмтээж  улмаар амь насыг нь хохироосон. 

Энэ бүхний цаадах гол буруутан нь өнөөх л бүгээн зүстэй, бүдүүн дуутай бараан мөртэй  Женко. Тэрбээр Түвшинбаярыг бохир улс төрдөө ашиглан, нэр хүндээ өсгөхийн тулд сайн ахын дүрд тоглон, буруу бүгдийг нь өөгшүүлж, ихээхэн эвдсэнийг учир мэдэх болоод ойр тойрных нь олон хүмүүс хэлдэг. 

Нэгэн жишээ дурдахад, 2016 оны сонгуулиар Халтмаагийн Баттулгыг дагаж  Баянхонгор аймагт нэр дэвшин, өвдөг шороодсон олимпийн аваргаас  Л.Мөнхбаясгалан сэтгүүлч  “Цензургүй яриа” нэвтрүүлэгтээ оруулах үеэрээ “Та яагаад улс төр лүү орох болсын бэ?” гэж асуухад “Захиралдаа хань болохын тулд улс төр лүү орж, улс эх орныхоо төлөө зүтгэе гэж бодсон” хэмээн хариулж байсныг олон нийт санаж байгаа байх. Түүнээс л Женког ямархуу нөлөөлөгч гэдгийг харж болох байх. Харамсалтай нь сайн талаараа биш л дээ.  Аймшигт үйл явдлыг үйлдсэн хар өдрийг хүртэл үргэлжилсэн насан багын найзуудын нөхөрлөл төгсөж,  Булган нутгийн төдийгүй Монгол түмний хайртай, бахархлыг төрүүлсэн залуу гомдол үзэн ядалтаар нөмрүүлсэн билээ. Хамгийн муухай нь нэгэн хүний сайхан хань, хүүхдүүдийн хүндэт аав,  ээж аавын хайртай хүү нь хорвоогоос үүрд буцсан явдал юмаа.

Найдангийн Түвшинбаяр Монгол Улсын нэрийг дэлхийн тавцанд хэдэнтээ дуудуулж, та бидэнд бахархал омогшлын гайхамшгийг мэдрүүлэн, түүхэнд бичигдэхээр аймшигт хар өдрийг ч уухайн түрлэгээр солиулж чадсан энгүй их гавьяатай нэгэн байсан нь саяхан. Харин ажил ярих нэрээр цугласан Ардчилсан намын хэсэг залуус  улс төрийн бохир тоглоомдоо хэт автан хордож, улмаар нэгнээ бүрэлгэсэн харамсалтай үйл явдлаар түүний алдар хүнд, алив сайхан бүхэн төгссөн  нь гашуун үнэн.

Гэсэн ч хайртай бүхнийг салгаж, хамаг бүхнийг орвонгоор нь эргүүлэх учгийн цаад эзэн болсон Х.Баттулга ямар ч энэрэх сэтгэлгүйгээр юу ч хараагүй сонсоогүй мэт “хайртай” дүүгээ хайхралгүйгээр чимээгүйхэн өөрөөсөө зайлуулж өнгөрсөн юм.

Энэ л Женко хочит Баттулгын үнэн төрх учраас Монголын баялагийг цөлмөхөөр сэтгэл шулуудсан түүнээс төрөө хамгаалах ёстой юм.

Анхдагчдын өлгий нутгийн ариун нэрэнд сэв суулгасан ЖЕНКО, Булган аймгийг төлөөлөх эрхгүй. Монголын ТӨР-өөс ч савраа татаж, санаархлаа зогсоох цаг болсоон. Бүрэн эрхээ хамгаалуулдаг УИХ-ын гишүүний сэнтий түүний хамгаалах байр, халхавчлах бамбай биш шүү.