Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр болохтой холбогдуулан сонгогч саналаа нууцаар, чөлөөтэй өгөх эрх болон сонгууль өгөх эрхтэй боловч анхаарал хандуулах шаардлагатай зарим зорилтод бүлэг хүмүүсийн сонгох эрхийг эдлүүлэхэд анхаарал хандуулах талаар ХЭҮК-оос мэдээлэл өгсөн.

Эндээс онцлоход, ХЭҮК-оос хорих 461 дүгээр ангид хийсэн хяналт шинжилгээгээр, 266 хоригдогчоос сонгуульд санал өгөхөөр ангийн удирдлагадаа хүсэлтээ өгсөн байсан. Эдгээр хүмүүсийг авч үзвэл, нийслэлийн 9 дүүрэг, орон нутгийн иргэд байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас сонгуультай холбоотой мэдээлэл өгөх тал дээр зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн хэдий ч эдгээр иргэд өөрсдийн оршин суугаа газарт нь хэн, ямар намаас нэр дэвшиж байгаа болон сонгуулийн тогтолцооны талаар бүрэн мэдээлэл, ойлголтгүй байна. Энэ нь эрхээ хязгаарлуулсан иргэдийн сонгох эрх эдлэхэд саад учрах, бусдын нөлөөнд орж санал өгөх, санал өгөхгүй байх ч эрсдэл тулгамдаж болзошгүйг харуулж байна.

Тиймээс Улаанбаатар хот, 21 аймагт байгаа цагдан хорих төв, баривчлах байранд байгаа болон өөрөө сайн дураараа гарч явах боломжгүй, эрх нь хязгаарлагдсан боловч сонгууль өгөх эрхтэй иргэдэд Сонгуулийн тогтолцоо, санал өгөх зааварчилгаа, нэр дэвшигч, нам, эвсэл, бие даагчдын мөрийн хөтөлбөртэй танилцах, мэдээлэл өгөх боломж нөхцөлөөр хангаж ажиллахыг холбогдох Сонгуулийн хэсэг хороо, шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон эрүүл мэндийн байгууллагад анхааруулж байна.

Эрхээ хязгаарлуулсан иргэдийн сонгох эрхийг бүрэн эдлүүлэхэд төрийн холбогдох байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай байна. Тухайлбал, захиргааны журмаар албадан эмчлүүлж байгаа болон зөрчлийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан сонгогч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогч, Эрүүл мэндийн байгууллагад албадан эмчлүүлж байгаа хүмүүс зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх боломжтой.