“Монполимет” группийн дансыг АТГ-аас битүүмжилсэн тул цалин тавьж, тогтвортой үйл ажиллагаа явуулах боломж хязгаарлагдлаа хэмээн 1300 орчим ажилтны төлөөлөл нь үзэл бодлоо илэрхийлэн жагсаал хийсээр байна.

Энэ нь тус группийн үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг АТГ-аас мөрдөн үалгаж буйтай холбоотой юм. Одоог хүртэл Ц.Гарамжавыг чухам ямар бодит үндэслэлээр ийн шалгаж байгаа нь тодорхойг болоогүй. Хөгжлийн банкны зээлээ зориулалтын бусаар зарцуулсан байж болзошгүй гэсэн мэдээлэл л хэвлэлийн байгууллагуудад бий.

Ц.Гарамжавыг АТГ-аас 48 цагийн хугацаатай саатуулаад сулласан юм. Тэгвэл, Ц.Гарамжавыг Хөгжлийн банкнаас гадна төрийн нууцыг хууль бусаар олж авсан байж болзошгүй гэх үндэслэлээр ч шалгаж байгаа аж. Үүний дээр уул уурхайн лицензийг хууль бусаар авсан, Туул голын голдирлыг өөрчилж, алт олборлосон гэх үндэслэлүүд байгаа юм байна.

Харин одоогийн байдлаар “Монполимет” болон түүний охин компанидтооцогдох нэр бүхий 17 хуулийн этгээдийн дансан дахь гүйлгээг хязгаарласан аж. Мөн хувьцаа эзэмшигч таван иргэний дансыг ч царцаажээ. Нийт 17 ААН-ийн, таван иргэний данс гэсэн үг.

Мөн Төв болон Булган аймаг дахь алтны уурхайнуудыг битүүмжилжээ. Данс хаасан гол шалтгаан нь уул уурхайн лицензийн асуудал бөгөөд, түүнчлэн Туул голын голдирол өөрчилж, алт олборлосон гэх үндэслэлд холбогдуулан прокуорорын зөвшөөрөлтэй ийм арга хэмжээ авсан аж.

Мөн үндсэн үйл ажиллагааны, цалингийн, зээлийн зэрэг нийт 18 дансны зарлагын гүйлгээний хязгаарлалтыг цуцалсан, гүйлгээ хэвийн хийгдэж байгаа гэсэн мэдээллийг АТГ-аас өглөө.