УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны хугацаанд намын дарга, ухуулагчаар ажиллаж байсан иргэний амь нас эрсэдсэн, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй талаарх албан бус мэдээллүүд байна хэмээн ХЭҮК-оос мэдээллээ.

Тиймээс ээлжит сонгуульд нэр дэвшигч, улс төрийн нам, эвслүүд болон түүний сонгууль эрхэлсэн байгууллага нь сонгуулийн сурталчилгаа хийх, шударгаар өрсөлдөхтэй холбоотой үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэхэд анхаарч дараах санамжийг хүргүүлж байна. Үүнд:

  1. Сонгуулийн сурталчилгаа хийхдээ хууль ёс, шударга ёсыг баримтлан бусдын нэр төр, алдар хүндийг хүндэтгэх;
  2. Улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчид үзэн ядалт, хүчирхийлэлд уриалахгүй, бусдын нэр төрийг гутаах зорилготой худал мэдээлэл тараахгүй байх;
  3. Эмэгтэй улс төрчийг харлуулахад чиглэсэн мэдээлэл, сурталчилгааг хориглох, хүйсийн хувьд гутаан доромжлохгүй байх, улс төрийн ардчилсан өрсөлдөөнд аливаа хүйст хүндэтгэлтэй хандах;
  4. Иргэдийг санал өгүүлэх зорилгоор санал авах байр луу зөөвөрлөхийг зогсоох, сонгуульд оролцохоос татгалзах, нэр дэвшигчдийг багаар нь сонгуулах зэргээр сонгогчийн сонгох эрхэд нөлөөлөх, хүний үзэл бодлыг үл хүндэтгэх, төөрөгдүүлэх агуулга бүхий сурталчилгаа явуулахгүй байх;
  5. Нэр дэвшигч өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө, эд зүйл тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх, нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөх, амлах, ажлын байранд зуучлах, ажилд оруулах, амлалт өгөх зэрэг хууль зөрчсөн үйлдэл гаргахгүй байх;
  6. Хиймэл оюун, олон нийтийн сүлжээ ашиглан үзэн ядалт, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэлд уриалсан илэрхийлэл, хүний нэр төр, эрхэм чанарыг гутаах зорилготой худал мэдээлэл бүхий контент бүтээхэд сонгуулийн сурталчилгаа явуулж байгаа, технологи хөгжүүлж байгаа хүн, хуулийн этгээд оролцохгүй байх;
  7. Ухуулах байр, сонгуулийн сурталчилгааны материал, хэрэгслийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, баривчлагдсан, цагдан хоригдсон хүнд тохиромжтой байдлаар бэлтгэх, мэдээллийн хүртээмжийг хангасан байх;
  8. Хүний хувийн мэдээлэл болох иргэдийн регистрийн дугаар, гэрийн хаяг, холбоо барих мэдээллийг цуглуулах, хууль бусаар ашиглахгүй байх;
  9. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд төгсөлтийн, ургийн уулзалт зохион байгуулах нэрээр сонгогчдод нөлөөлөх, санал авах зорилгоор архи, согтууруулах ундааг хэрэглүүлэхгүй байх, иргэдийн аюулгүй байдлыг хангах, хамгаалахад онцгой анхаарах;
  10. Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг хязгаарлахгүй, үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө ялгаварлан гадуурхахгүй байх, хүний ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх;
  11. Ард түмнийг талцуулах, хуваагдал үүсгэх, үндэсний эв нэгдлийг бусниулах зэргээр хэт улс төржихгүй байх, үзэл бодол, бодлогын хувьд шударга ёсны зарчмаар өрсөлдөх.

Нэр дэвшигч, улс төрийн нам, эвслүүд сонгуулийн үйл ажиллагаандаа хүний эрхийн зарчим, хэм хэмжээг мөрдлөг болгон дээрх санамжийг өөрийн сонгууль эрхэлсэн байгууллагын бүрэлдэхүүнд танилцуулан хэрэгжүүлж ажиллахыг санууллаа.

Эх сурвалж: ХЭҮК