Парисыг зорих жүдочид тодорч, Монголын охид илүүрхлээ
2024/06/25
Зургаадугаар сард Монголын спортын ертөнцөд олон онцлох үйл явдал, уралдаан тэмцээн болж өндөрлөлөө. Түүнээс тоймлон хүргэж байна.
Д.Цэрэнням цэргийн арслан боллоо
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг цэргийн цол, чимэг олгох "Бүх цэргийн наадам"-аар зургаадугаар сарын спортын үйл явдал эхэлсэн юм. 33 дахь удаагийн тус наадамд хүчний спорт хороодод харьяалагддаг аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөх хүч сорьсноос Хэнтий аймгийн Галшар сумын харьяат, "Шинэ анагаах ухааны их сургууль", “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх, сумын заан Д.Цэрэнням түрүүлж цэргийн арслан цол хүртлээ. Харин Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат,
“Хилчин” спорт хороо, "Эвт Чулуу", "Бадамлах Нар" компани, "Нэгдэл" клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр үзүүрлэж, “хичээнгүй” чимэг нэмэв.
Зургаадугаар сар бол олимпын өмнөх хариуцлагатай үе. Тиймээс ч дэлхийн өнцөг булан бүрд эрх олгох тэмцээнүүд үргэлжиллээ. Тэгвэл Монгол Улсын олимпын ээлжит эрхийг боксын төрөлд М.Энхжаргал авсан юм. Тэрээр Тайландын Бангкок хотод ес хоногийн турш үргэлжилсэн тэмцээнд 54 кг-ийн жинд М.Энхжаргал Канадын боксчин Скарлетт Делгадог ялснаар Венесуэлийн Йонна Гомезтой сүүлийн даваанд учраа таарсан юм.
М.Энхжаргал өрсөлдөгчөө 3:2-оор буулган авснаар боксын төрлөөр "Парис 2024" олимпын хоёр дахь эрхийг авчирлаа. Ийнхүү энэ жил Монголын боксчдоос эмэгтэйчүүдийн хоёр жинд олимпын эрх авч, эрэгтэйчүүд энэ жил өнжихөөр болов.
Үүний дараагаар Дорнод аймагт насанд хүрэгчдийн шатрын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөсөн юм. Эрэгтэйчүүдийн 62, эмэгтэйчүүдийн 54 дэх удаагийн тэмцээнд 25 тамирчин өрсөлдөж 13 өрөг тоглож аваргуудаа тодруулсан юм. Эрэгтэйчүүдийн ангилалд олон улсын мастер Г.Амартүвшин 9.5 оноогоор анх удаа улсын аварга болсон бол "ФИДЕ" мастер С.Чингүүн, Э.Баасансүрэн нар мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялаасан. Харин эмэгтэйчүүдийн ангилалд их мастер Т.Мөнхзул 9.5 оноогоор улсын аваргад анх удаа түрүүлсэн. Тэрээр тэмцээн дуусахаас нэг тойргийн өмнө түрүүлэх болзлоо хангасан бол их мастер Б.Мөнгөнтуул мөнгө, Д.Номин-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн юм.
Ш.Энхийн-Од Юта мужийн багт тоглоно
Монголын NCAA буюу Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн оюутны лигт данстай Ш.Энхийн-Од "Сан Франциско Донс" багаас шилжиж, Юта мужийн их сургуулийн багийн саналыг хүлээж авсан. Тэрээр оюутны лигт хоёр дахь улиралдаа тоглож, 7.7 оноо, гурван самбар, 2.7 оновчтой дамжуулалт дундажласан Ш.Энхийн-Од NBA-гийн драфтад нэрээ дэвшүүлэхээр шийдвэрлэж, хөгжлийн лигийн сонгон шалгаруулалтад уригдсан ч нэрээ татсан юм. Ийнхүү “Иллионис”, “Вилланова” гэсэн олон их сургуулиас Ютаг онцолсон байна.
Дасгалжуулагч Крэйг Смитийн удирдлага дор өнгөрсөн улиралд чамгүй амжилт үзүүлсэн Ютагийн баг шинэ улиралд Ш.Энхийн-Одоос гадна зургаан тоглогч шинээр элсүүлжээ.
Үүнээс гадна зургаадугаар сарын хувьд Монголын сагсан бөмбөгийн ертөнцөд олон онцлох үйл явдал болсны нэг нь “Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” болон “Улаанбаатар дэлхийн их дуулга” тэмцээн юм. НЗДТГ, Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулсан энэ тэмцээнд Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг аварга болсон. Тэд эхний тойрогт Филиппинийн багийг хожиж, хасагдах шатанд Тайландын шигшээ багтай учраа таарч 21:13 харьцаатайгаар хожиж, хагас шигшээд шалгарсан. Ийнхүү хагас шигшээд БНХАУ-ын U24 насны шигшээ багтай тоглож 15:14 харьцаатайгаар хожиж финалд шалгарч, улмаар аваргын төлөө хүчирхэг Украины багийг 17:18 харьцаатайгаар буулган авснаар эмэгтэйчүүдийн гранпри тэмцээнд итгэл төгс илүүрхсэн юм.
Дэлхийн чансаа олгох тэмцээнээс гурван медаль хүртэв
АНЭУ-ын Абу Даби хотод энэ сарын 10-нд 400 мянган ам.долларын шагналын сантай “Ялла Компасс-2024” и-спортын тэмцээн болж Монголын “The MongolZ” баг түрүүлж, 200 мянган ам.долларын шагнал хүртэв. Тус тэмцээнд урилгаар оролцсон тус баг финалд “Ninjas in Pyjamas” багийг 2:1-ээр буулган авсан юм. Энэ тэмцээнд нийт 12 баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдсөн бөгөөд манай залуус А хэсгийг тэргүүлжээ. Багууд хэсэгтээ тойргийн журмаар өрсөлдөж, хамгийн олон хожилтой гурван баг хасагдах шатанд шалгарсан юм.
“MongolZ” багийн тамирчид хэсэгтээ “Sashi Esport”, “ENCE”, “Ninjas in Pyjamas”, “HEROIC” багийг хожиж, “Astralis”-д хожигдсон. Ингэснээр дөрөв хожиж, нэг хожигдсон амжилтаар хэсгээ тэргүүлсэн. Улмаар хагас шигшээ хэсэгт хожигдсон “Astralis”-тай дахин таарч, 2:1-ээр буулган авч, шилдэг тоглогчоор Б.Өсөрбаяр тодорсон юм.
Мөн энэ сард Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид Унгарын Будапешт хотод болсон дэлхийн чансааны тэмцээнд оролцож ганзага дүүрэн буюу гурван медальтай ирлээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 50 кг-д гавьяат тамирчин Д.Отгонжаргал мөнгө, 62 кг-д гавьяат тамирчин П.Орхон, 68 кг-д олон улсын хэмжээний мастер Э.Дэлгэрмаа нар хүрэл медаль хүртжээ. Тэдний хувьд гурвуулаа олимпын эрхээ авсан. Тэмцээний дараа Будапешт хотод олон улсын тамирчдын хамтарсан бэлтгэлд хамрагдаж байгаа юм. Үүнээс гадна энэ сарын 11-нд хөлбөмбөгийн “Манчестар Юнайтед” клубын дэмжигч Б.Очирваань 14000 км замыг дугуйгаар туулж, өөрийн шүтээн хөлбөмбөгчин Уэйн Рүүнитэй уулзаж, мөрөөдлөө биелүүлээд зогсохгүй, “Манчестар Юнайтед” багийнхаа Олд Траффорд цэнгэлдэхэд хөлбөмбөг тоглосон. Тэрээр мөрөөдлөө биелүүлэн эх орондоо ирсэн юм.
Тэрээр “Өөрийн төсөөлж, зорьж байснаас илүү олон гайхалтай зүйлийг мэдэрлээ. Өөрийнхөө дэмждэг хөлбөмбөгчинтэй, дэлхийн хамгийн агуу дасгалжуулагчтай уулзаж, дэлхийн хамгийн гайхалтай цэнгэлдэх хүрээлэнд орж, өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлсэндээ баяртай байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байв.
Монголын спортын ертөнцөд зургаадугаар сард өрнөсөн хамгийн чухал үйл явдал бол олимпод оролцох жүдогийн шигшээ багийн нэрс тодорсон юм. Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийнхан Парисын олимпод 10 жинд зодоглох эрх авсан. Олон улсын жүдо бөхийн холбооноос хоногийн дараа олимпын бүсэд багтсан тамирчдыг албан ёсоор маргааш зарлана. Мөн олон улсын олимпын хороонд хувийн болон холимог багийн төрөлд өрсөлдөх орныг танилцуулах аж. Монголоос эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү, 52 кг-д Л.Сосорбарам, 57 кг-д Л.Энхрийлэн, -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д А.Адъяасүрэн нар өрсөлдөх юм. Харин эрэгтэйчүүдээс 60 кг-д Э.Ариунболд, 66 кг-д Ё.Басхүү, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, -100 кг-д Б.Гончигсүрэн, +100 кг-д О.Цэцэнцэнгэл нар Парисын татамид зодоглох ажээ.
Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2024/06/25
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh