УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнтэй холбогдуулан "Үндэсний эвсэл"-ээс хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

"Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр "УИХ-ын сонгууль явагдаж дууслаа. "Үндэсний эвсэл"-ийг дэмжсэн бүх сонгогчтой баярлалаа.

Амаргүй сонгууль байсныг та бүхэн мэдэж байгаа. Хууль хүчний байгууллагууд хууль зөрчиж биднийг УИХ-ын сонгуульд төлөвлөснийхөө дагуу ажиллах боломжийг бий болгож өгсөнгүй. 

"Үндэсний эвсэл" хуульд заасан босгыг амжилттай давж чадлаа. Манай эвслээс тойрогт нэр дэвшигчдэдээ талархаж байна. Бид байгуулагдаад гуравхан сар болсон ч гэсэн цаашдаа хамтдаа явах баг бүрэлдэхүүнийг бүрдүүлж чадлаа. 

УИХ-ын сонгуульд оролцож, босго даваад тэнцвэргүй тулаанд өрсөлдөнө гэдэг амаргүй. Ялангуяа хууль хүчний байгууллагад алхам тутамд дэгээ тавьж байна. Бүх талаар хяналт шалгалт хийлээ. 

Сүүлд хэвлэлд хандахдаа ноцтой асуудлуудыг дурдсан. Мэдээж би хоосон үг дөрөөлж ярихгүй. Түүнийг нотлох, нотлогдохуйц үйл явц, баримтууд бий. Хар машин буюу сүлжээний тооллогоор явагддаг программд хөндлөнгийн аудит хийх цаг нь болсон. 

Үндэсний эвслийн саналыг саармагжуулах олон үйл ажиллагаа явагдсан. Монголын сонгууль дахин элдэв луйваргүй, хууль зөрчиж хар "пи ар"-аар биеийгээ харлуулж явдаггүй байх тогтолцооны төлөө "Үндэсний эвсэл" ажиллах болно. 

Цөөн хэдэн суудалтай гэсэн ч бид урдаа тавьсан зорилго, хэрэгжүүлэх гэсэн ажлынхаа ард гарахын төлөө ажиллана. Монголын төрд яах аргагүй хяналт хэрэгтэй болсон. 

Үүнийг миний бие Н.Номтойбаяр манлайлж хийх болно. Цаашдаа УИХ-ын сонгуулийг явуулахад хэд хэдэн анхаарах зүйл байна. Гараанаасаа нэг дор гарч тэгш уралдах ямар ч боломжгүй. 

Эрх барьж буй намуудад төрийн эрх мэдэл, хуулийн байгууллага 100 хувь гарт нь байдаг. Өрсөлдөгч улс төрийн хүчинд дэгээ тавьж, сонгуульд өрсөлдөх боломжгүй болгож байгаа. МАН цагтаа эрх хүн шиг байсан, өнөөдөр эмэгчин нам болсон байна. Үүнийг өнгөрсөн хугацаанд маш сайн ойлголоо. 

Манай эвсэл 72,408 хүний болзолтой байсан босгыг амжилттай давлаа. Босго даваагүй нам, эвсэлд өгсөн санал босго давсан улс төрийн намуудад эн тэнцүү байдлаар хуваагддаг хуулийн зохицуулалттай. Урьдчилсан байдлаар харахад 190 гаруй мянган хүний босго давсан таван намд хуваагдана.

Хуульд заасны дагуу бид зургаадугаар сарын 24-нд орон нутгийн сонгуульд оролцох хүсэлтээ өгсөн" гэв. 

Үргэлжлүүлэн тэрбээр сэтгүүлчдийн асуултад "Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар ШХАБ-д элсүүлэх асуудлыг жадлан зогсооно. Эсэргүүцлийн бүх арга барилыг хэрэглэнэ. Шулуухан хэлэхэд хулгайч нартай өс зангидна. Би хэзээ ч хэлсэн үгнээсээ ухарч байгаагүй.

Иргэд, сонгогчид "Үндэсний эсвэл"-ийг дэмжиж сонголтоо өгснийх нь хариуд бид зүтгэх болно" гэв.