Нийслэлийн хэмжээнд замын засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж буй. Энэ жил нийслэлийн Засаг даргын 2024 оны А32 тоот захирамжаар 13 байршилд замын шинэчлэлтийн ажил хийхээр төлөвлөсөн. Харин 2024 оны гуравдугаар сарын А313 тоот захирамжаар нэмээд дөрвөн байршилд шинэчлэлтийн ажлыг хийхээр болсон тухай өмнө нь мэдээлсэн билээ.

Нийтдээ энэ жил 17 байршилд шинэчлэлтийн ажил хийнэ.

Тэгвэл эдгээр замын засвар, шинэчлэлтийн ажил хэзээ бүрэн дуусах талаар Нийслэлийн замын хөгжлийн газраас тодруулахад, "Өнөөдрийн байдлаар төлөвлөсөн 17 байршлын 14-т нь замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийсэн байна. Нийтдээ 17.5 км талбайг шинэчлэн, засварласан. Үлдсэн дөрвөн байршлын засвар, шинэчлэлтийг хийхээр бэлтгэл ажлаа хангаад явж байна. Энэ жилийн хувьд хур бороо ихтэй байна гэсэн мэдээлэл байгаа. Ямартай ч баяр наадмаас өмнө замын засвар, шинэчлэлтийн ажлуудыг дуусгахаар авто замын зохион байгуулалтаа сайжруулаад явж байна" гэв.

Намъяанжүгийн гудамж, Амгалангийн зам, УБЦТС-ийн баруун талын зам, Богд уулын арын зам, Зайсангийн уулзвараас "Буган халиун" хүртэлх зам, Соёолжоос Нарны замын уулзвар хүртэлх зам, Төмөр замаас хойш Энхтайвны өргөн чөлөө хүртэлх зам, Хилчний гудамж буюу Цагдаагийн академийн хойд зам, СУИС-ийн уулзварын зүүн талын зам, Нарантуул захаас Өгөөмөр захын уулзвар хүртэлх замд шинэчлэлтийн ажил хийжээ.

Мөн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо буюу тавдугаар сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх авто замыг зургадугаар сарын 10-ны 06:00 цаг хүртэл хааж, зам засврын ажлыг хийж гүйцэтгэсэн билээ.