УИХ-ын ээлжит сонгууль дууслаа.  Иргэд өөр намыг үгүйлж буй нь энэ удаагийн сонгуулийн үр дүнгээс илт харагдлаа. МАН энэ удаад үнэмлэхүй ялалт үзүүлж чадсангүй. 

Сонгуульд 19 нам, 2 эвсэл, 40 бие даагч нийт 1341 нэр дэвшигчид УИХ-ын 126 суудлын төлөө 16 хоногийн турш сурталчилгаагаа хийж өрсөлдлөө. Сонгуулийг 2.2 сая сонгогч өгөхөөс 1.4 сая нь л саналаа өгөв.

  • Сонгуулийн урьдчилсан дүнгээс харвал МАН тойрогт 50 суудал, нэрсийн жагсаалтаар 18 суудал, нийт 68 суудал буюу 51 хувийн санал авчээ.
  • АН тойрогт 26 суудал, нэрсийн жагсаалтаар 16 суудал нийтдээ 42 суудал буюу 33.3 хувийн санал авчээ.
  • Гуравт, ХҮН нам тойрогт 2 суудал, нэрсийн жагсаалтаар 6 суудал, нийт 8 суудал буюу 6.3 хувийн санал авчээ.
  • Дөрөвт, Үндэсний Эвсэл нэрсийн жагсаалтаар 4 суудал буюу 3.2 хувийн санал авчээ.
  • Тавд, ИЗНН нэрсийн жагсаалтаар 4 суудал буюу 3.2 хувийн санал авчээ.

Мэдээж сонгуульд ялагдал хүлээсэн нэр дэвшигч нар маргаан үүсгэдэг жамтай хойно тэд өчигдөр СЕХ-нд очиж Үндэсний Эвсэл гурван намаас бүрдсэн гэх зэргээр гомдоллов. Ямартай ч сонгууль болдог жамаараа болж, ард түмэн сонголтоо хийж дууслаа.

Анхны 126 гишүүнтэй парламентын дарга нар ялалтын дараа юу өгүүлсэн бэ гэдгийг "БАЙР СУУРЬ" буландаа онцолж байна.

Ялсан намын дарга Л.Оюун-Эрдэнэ: Өмнө нь парламентад хоёр намаас өөр нам, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ажил олгогч, ажилтан, багш, эмч нар зэрэг олон нийгмийн төлөөллүүд орж ирж чадалгүй 34 жил болсон байна. Өнөөдөр анх удаа 126 төлөөлөл бүхий шинэ парламентыг бүрдүүлж, салбар салбарын нийгмийн дуу хоолойн төлөөлөл болсон ард түмний парламент бий болж байна. 

34 жилийн түүхэнд анх удаа одоогийн мэдээллээр 5-6 намын төлөөлөлтэй болж байна. Энэ нь ардчилалд шинэ хуудсыг нээж байна гэж ойлгож байна. Монгол Ардын Нам урьдчилсан байдлаар 68-70 суудалтай болохоор тооцоолол гарч энэ сонгуульд ялалт байгуулж байна. Энэ бол ард түмний ялалт, цоо шинэ 30 жилийн эхлэл юм.  Бид шинэ 30 жилийнхээ тогтолцоонд дасах ёстой. Парламентын намууд илүү бодлогын нам болно. Намын дэргэд бодлогын судалгааны хүрээлэнгүүд бий болно. Үзэл баримтлалаараа мэтгэлцэнэ. Ард түмний санал гээгдэхгүй. Өгсөн санал бүхэн толинд харж байгаа тусгал мэт ард түмний төлөөлөл болно. 

Ардчилсан хувьсгал анхдагч үнэт зүйл дээрээ эргэн ирэх ард түмний дуу хоолойн ялалт болж байна. Биднийг дэмжсэн бүх хүмүүстээ намын гишүүд дэмжигч нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Энэ парламентад ажилласан энэ том тогтолцоог нээж чадсан парламентын гишүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.  Үзэл бодлын хувьд өрсөлдсөн бүх нам эвсэл, бие даагчид мөн бидэнд саналаа өгөөгүй сонгогчид та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Үзэл бодлын ялгаатай байдалдаа хүндэтгэлтэй хандаж шүүмжлэл бүрийг үйл ажиллагаандаа тусгахыг хичээх болно.  Монгол Улсад шинэ 30 жил, парламентын ардчиллын цоо шинэ хуудас болсон ардчиллын хоёр дахь давлагаа эхэлж байна.

ХҮН намын дарга Т.Доржханд: ХҮН намын хувьд өмнө нь иргэдээсээ 20 хувийн дэмжлэг авч, ганцхан суудалтай байсан энэ байдал засагдаж байна. Бидний зүгээс ямар ч байсан найман суудалтай болж байна. Цаашид энэ төлөөллүүд бий болоосой гэсэн агуулгаар бид дахиад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх хэрэгтэй юм байна. 100 хувь пропорциональ элемент рүү орж байж бид энэ төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх, парламентыг бэхжүүлэх юм байна гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

ХҮН намын нэг суудал өнөөдөр найм боллоо. Цаашид бид энэ найман суудлыг 80 суудал мэт парламентын мэтгэлцээн өрнүүлж, парламентыг сонирхолтой болгож, бусад улс төрийн намуудаа манлайлж ажиллах болно.

ИЗНН-ын дарга Б.Батбаатар: Сонгуульд оролцож, иргэнийхээ үүргийг биелүүлсэн бүх хүнд талархал илэрхийлье. ИЗНН бол минималист, эко, шударга ёс, арчиллын төлөөх нам юм. Биднийг дэмжиж саналаа өгч, УИХ-д дэмжиж оруулсан нийт сонгогчдодоо талархснаа илэрхийлье.

Намын дарга Б.Батбаатар, Дуучин М.Нарантуяа тэргүүтэй дөрвөн хүн урьдчилсан байдлаар УИХ-ын гишүүнд дэмжигдсэн байна. Бид энэ сонгуулиар бусад нэм, эвсэл, нэр дэвшигчид рүү хар буруу хийсэнгүй. Өөрсдийн чиг шугамыг барин оролцлоо. 2024 оны 10-р сард Орон нутгийн сонгууль болно. Тиймээс иргэний зориг гаргаж манай намаас нэр дэвшихийг уриалж байна. Энэ нам дотор агаар цэвэр, шударга ёс ноёлдог байна гэдгийг дахин илэрхийлж байна. Бид итгэлийг хариуцлагаар үүрч ажиллана.

“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр: УИХ-ын сонгууль дууслаа. “Үндэсний эвсэл”-ийн дэвшигчдийг дэмжсэн бүх сонгогчдодоо баярлалаа. Амаргүй сонгууль байлаа.  СЕХ өөрөө хууль зөрчиж, биднийг төлөвлөснийхөө дагуу ажиллах боломжийг олгосонгүй. Хамгийн сүүлийн нэр дэвшигч маань сонгуулийн санал хураалт дуусахаас 36 цагийн өмнө батламжаа авсан. Хууль хяналтын бүх талаар хяналт шалгалт хийлээ.  Хар машин буюу сүлжээний тооллогын программд хөндлөнгийн аудит хийх цаг нь болсон. “Үндэсний эвсэл”-ийн ирэх саналыг саармагжуулах олон үйл ажиллагаа явагдсан. Бид цөөн суудалтай ч зорилгынхоо ард гарахын төлөө ажиллана. Монголын төрд хяналт тавих цаг нь болсон. Үүнийг Нямтайширын Номтойбаяр миний бие хийх болно.

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр:  Одоогийн байдлаар АН 43 суудал авлаа. Бид эв нэгдлээ хангаж байж энэ сонгуульд орохыг зорьсон. АН-ыг дэмжсэн 440 мянга гаруй сонгогчдодоо баярлалаа. Бидэнд саналаа өгсөн сонгогчдынхоо хүсэж мөрөөдөж байгаа авлигагүй нийгмийг бий болгохын төлөө ажиллана. Бид та бүхнийхээ итгэлийг маш их ажлаар хариулна. Өнөөдөр хүртэлх эрх баригчдын явуулж байгаа бодлого буруу байна гэдэг дүнгээ ард түмэн тавилаа. Эрх баригч нам бодлогынхоо алдааг засах хэрэгтэй.

Гэвч сонгуулийн үеэр бидний хамтран зүтгэгчид намынхаа эсрэг ажиллаж, өрсөлдөгчдөдөө худалдагдсан явдал ч гарлаа. Монгол орныг өрнөөс гаргах хэрэгтэй. Өрийн дарамттай улс биднийг нар үзүүлэхгүй нь. Ардчилсан нам авилга, хээл хахуулийн эсрэг маш хүчтэй ажиллах болно.

Сонгуулийн үеэр булхай их явлаа. АН-ын нэр дэвшигчид энэ удаад асар их мөнгө, хүч чадлын эсрэг зогсож чадлаа. Энэ холимог системийг цаашид нутагшуулах хэрэгтэй юм байна. Цаашид төгс парламентыг бий болгохын төлөө ажиллах болно. Монгол орны гадаад дотоод бодлогод засаж залруулах зүйл маш их байна.

Бид цаашдаа эрх баригдаг улс төрийн хүчин болохын төлөө маш тодорхой бодлогуудыг хэрэгжүүлж явна. Харамсалтайгаар амиа алдсан Сант сумын АН-ын дарга Б.Баянмөнхийг "Чингис хааны одон"-оор нөхөн шагнаж байна. Ар гэрт нь Өвөрхангай аймгийн төвд 2 өрөө байр авч өгнө.