Өнөөдөр УИХ-д сонгогдоод буй нэр дэвшигчид УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардан авч, маргааш тангарагаа өргөх гэж байна. Мөн өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, УИХ-ын даргаар Д.Амарбаясгаланг томилох эсэхийг шийдвэрлэнэ.

Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газар байгуулах саналыг АН, ХҮН-д тавьсан бөгөөд 20 яамныхаа 40 хувийг АН-д, хоёр яамыг ХҮН-д санал болгосон аж.

Гэхдээ АН, ХҮН хуралдаж, шийдвэрээ гаргаагүй байгаа. Гэхдээ МАН, АН, ХҮН намын албан ёсны шийдвэр гарсны дараа Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайдаар Л.Гантөмөр, ЗГХЭГ-ын даргаар Н.Учрал, Эдийн засгийн хөгжлийн сайдаар Б.Чойжилсүрэн, Сангийн сайдаар Т.Доржханд, Боловсрол, шинжлэх ухааны сайдаар Л.Энх-Амгалан, Зам тээврийн хөгжлийн сайдаар С.Бямбацогт, Хууль зүйн сайдаар Л.Мөнхбаатар, Хүнс, хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар Б.Пүрэвдорж, Х.Баттулга нарын нэгийг томилох хувилбар яригдаж эхэлсэн байна.

Харин Н.Номтойбаяр тэргүүнтэй "Үндэсний Эвсэл"-ийн хувьд аль ч тохиолдолд Засгийн Газарт орж ажиллахгүй бөгөөд сөрөг хүчний үүргийг голлон гүйцэтгэх бололтой.