“Их Засаг” ОУИС оюутан сурагчдадаа цогц боловсрол олгохыг эрхэмлэдэг
2014/07/02
“Их Засаг” Олон улсын Их сургууль оюутан суралцагчдынхаа оюун сэтгэлгээг хөгжүүлэх, хүмүүжүүлж төлөвшүүлэх талаараа Монгол Улсдаа өөрийн гэсэн брэндийг бий болгож чадсан сургууль юм.
Манай улсад анх удаа цогц боловсрол, өв тэгш хүмүүжлийн нэгдсэн хөтөлбөр боловсруулан мөрдөж байгаа нь Монгол Улсын Засгийн газрын Боловсролын шинэчлэл, “Зөв Монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрс суурь болж, энэ сургуулийн удирдлагын алсын хараа, менежментийн тод илрэл болон бодит биелэлээ олж байна.
“Их Засаг” Олон улсын Их сургуулийн хэмжээнд хэрэгжиж байгаа оюутан сурагчдад “Цогц боловсрол олгох, хувь хүний чадавхийг дээшлүүлэх хөтөлбөр” нь зөвхөн “Их Засаг”-ийн оюутан суралцагчдад хамаатай бус, өргөн утгаараа Монгол хүний хөгжлийн тухай асуудал юм. Оюутан сурагчид нь сурлагатай, хүмүүжилтэй, сэтгэлдээ гэрэл гэгээтэй, сайн сайхныг олж харах нүдтэй, сайн сайхны төлөө тэмүүлэх хүсэл тэмүүлэлтэй байх юм бол сургууль хамт олон сайхан харагддаг.
Оюутан сурагчдад цогц боловсрол олгох хувь хүний чадавхийг дээшлүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлснээр оюутан суралцагчид бүр нь оюуны их чадамжтай, мэргэн ухаанд суралцах чадвартай, гоо зүй, эрүүл мэнд, ёс зүйн боловсролыг сайн эзэмшсэн, уран сайхны торгон мэдрэмжтэй, өөрийгөө удирдах болон багаар ажиллах чадвартай, эх оронч үзэлтэй сайн хүн болж төлөвшинө хэмээн Их Засагчууд үзэж байна.
Оюутан сурагчдадаа цогц боловсрол олгох, хувь хүний чадавхийг дээшлүүлэх энэхүү нэгдсэн хөтөлбөрийг хэдэн жилийн өмнөөс батлан хэрэгжүүлж оюутанд ээлтэй, нээлттэй, бүх оддын эрдмийн их сургууль, Биеийн тамир спортыг дээдлэгч хамт олон болсон бахдам амжилтуудаараа Их Засагчууд бахархдаг. Тэд энэ л алдар хүндэтгэл, баяр бахархлаасаа эрч хүч авч, улам ихийг хийж бүтээхийн төлөө урам зориг дүүрэн сурч, хөдөлмөрлөж байна.
Их Засаг их сургууль нийслэлийн баруун зүүн талд байрлах 2 цогцолбортой бөгөөд харьяа болон бүрэлдэхүүний 14 сургуультай юм. 1000 оюутан суух 3 дотуур байр, хүний их эмчийн салбар, 2 спорт цогцолбор, 2 соёлын төв, номын сан, багш оюутны цайны газар, интернет төв, фитнес төв зэрэг багш, оюутнуудын хэрэгцээг бүрэн хангахуйц үйлчилгээний төвүүд ажиллаж байна.
Тус сургууль оюутан сурагчдадаа чанартай боловсрол олгон, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц чадварлаг боловсон хүчин бэлтгэхийн зэрэгцээ тэдний чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх олон нийтийн арга хэмжээнүүдийг өргөнөөр зохион байгуулдаг юм. Их, дээд сургуулиудын дунд зохиогддог урлаг, спортын олон арга хэмжээнд Их Засагчууд манлайлан оролцсоор ирсэн билээ.
Мөн тус сургуулийн хэмжээнд жил бүрийн намар сүр дуулиантай зохион байгуулагддаг “Оюутны намар” урлагийн их наадам, Их засаг Лицей сургуулийн урлагийн бага наадам зэрэг нь оюутан сурагчдын авъяас сонирхлыг нээн илрүүлж хөгжүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, урлаг соёлын шилдэг тэргүүний авьяастнууд, хамт олныг тодруулах, гоо зүйн хүмүүжил олгох, хамтач үзэл төлөвшүүлэхэд чухал байр суурь эзэлдэг юм.
Зочин · 2014/07/03
Зочин · 2014/07/03
би үүнд хайртай